-ТЭД ТӨРД БИШ УЛС ТӨРИЙН НАМД ҮЙЛЧИЛСЭН ХҮМҮҮС. ТУХАЙН ӨДӨР МОНГОЛ ТӨР РҮҮ ХЭН Ч ДАЙРААГҮЙ-
“Иргэний хөдөлгөөн”-ий удирдагч О.Магнайтай ярилцлаа.
-Хурандаа нарыг шүүх хурлын эргэнд тойронд олон үйл явдал өрнөж өнгөрлөө. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгдэгч дүүргийн эмнэлэгт хэвтэж болдог. Өмгөөлөгч нь гэнэт ажил хаяж болдог зэрэг шүүх хурлыг хийлгэхгүй байх олон аргыг иргэд мэдэж авах шиг боллоо. Энэ талаар таны байр суурь юу байна вэ?
-Би хувьдаа өмгөөллийн стратеги нь юм болов уу л гэж харж байгаа. Шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргуулалгүйгээр уяж байгаад сонгууль руу оруулахыг хүсэж байгаа юм байлгүй дээ. Улс төржүүлж байгаад замхраадаг хэлбэр гэх юм уу даа.
-Жагсаал, цуглааныг эхлүүлсэн О.Магнай, Ж.Батзандан нарт ял оноох ёстой гэсэн мессежийг нийгэмд тараах боллоо. Үзэл бодлоо илэрхийлж жагсч болохоо больчихсон юм уу?
-Ер нь үйл явдлыг агуулгаар нь харвал сонгуулийг луйвардсан гэмт үйлдэл, үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, түүний араас галт зэвсэг хэрэглэж хүний амь насыг хохироосон явдал гэсэн гурван тусдаа асуудал юм. Жагсаал цуглаан хийх бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Харин сонгууль луйвардах, хүн буудах гэдэг гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр бүгдийг нь нэг шуудайнд хийгээд голоос нь хуурай мултрахыг оролдох нь явуургүй арга л даа. Орой бүр телевизээр төлбөртэй нэвтрүүлгүүд гаргаж байна. Хэний ямар мөнгөөр хэн гаргаад байгаа нь ч тодорхой л доо. Нөгөө “юун гуя вэ” гэдэг онигоо шиг л юм болж байх шиг байна. Ж.Батзандангийн хувьд бол Магнай гэдэг нэртэй хоршоо үг шахуу болчихсон. Үнэндээ харин ч хамгийн их хэлмэгдсэн хүн. Цуглаан дээр очиж үг хэлчихээд явсан 20 гаруй хүний л нэг шүү дээ.
-Иргэд жагсч, үзэл бодлоо илэрхийлж болно. Харин жагссан иргэдээ хөөгөөд буудах эрх бий юү гэдэгт нь асуудал байгаа юм биш үү?
-Яг үнэн, хэрэв тэр өдөр буудуулж амь насаа алдсан хүмүүсийн тухай сонсоход өдрийн болсон жагсаал цуглаанд огт хамаагүй иргэд байсныг сайн анхаарах ёстой болов уу. Тэр тусмаа хөөж буудна гэдэг бол байж боломгүй зүйл. Байлдааны зэвсгийг дайсны эсрэг л хэрэглэдгээс иргэдийн эсрэг хэзээ ч хэрэглэх ёсгүй.
-Та нарыг үзэл бодлоо илэрхийлж жагссан гэж дахин шалгалаа гэхэд ямар үндэслэлээр буруутгах юм бол?
-Луйвартай болсон сонгуулийг эсэргүүцсэн гэж буруутгахгүй юм бол өөр юугаар буруутгахав дээ. Тэгээд ч цагдаа намайг хангалттай шалгасан терроризмаас эхлээд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан гэх мэт 34 зүйл ангиар шалгаад юм олоогүй л дээ.
-Ж.Батзандан, О.Магнай нарыг ч, хурандаа нарыг ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэтэл хурандаа нарын хэргийг сэргээн шалгаж байгаа нь өрөөсгөл гэх тайлбарыг ар гэрийнхэн нь өгч байгаа. Та өршөөгдсөн үү. Ялгаа нь юу байна вэ?
-Ар гэрийнхний хэлсэн зүйл дээр би хариу өгех нь ёс зүй талаасаа дэмий болов уу. Хүн буудуулсан нь үнэн бол хариуцлага гэж байх ёстой.
-Таны хувьд жагсч, цугласан гэх үндэслэлээр дахин шалгуулахад бэлэн байна уу?
-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд надад 13-14 удаа эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм. Ямар зүйл ангиараа шалгах нь өнөөдөр ч нээлттэй байгаа. Миний хувьд хуулиар олгогдсон болон өөр хэн нэгний хамгаалалт байдаггүй, ардын л хүүхэд шүү дээ.
-Та нарыг эхлүүлсэн жагсаалаа орхиод явсан. Жагсагчдаа хянаж чадаагүй гэж буруутгадаг. Та эхлүүлсэн жагсаалаа зөв зохион байгуулж чадсангүй юу?
-Жагсаал цуглааныг үймээн болгон хувиргаж, сонгуулийнхаа луйврыг хууль ёсны болгосон нөхдүүд наад асуултад чинь хариулбал зөв болов уу. Бид тухайн үед 16.00 цагийн үед жагсаалыг дууссаныг зарлаж, Сүхбаатарын талбай руу хөдөлсөн юм. Тэгсэн хэдий ч нэгэнт эхэлсэн үймээнийг зогсоохын тулд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсэн.
-”Долдугаар сарын 1″-ний гэх хэргээр хэдэн зуун залууг хорьж шалгасан. Таныг ч цагдан хорьж байсан. Харин хурандаа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах төдийд цагдааг төрийн эсрэг босгох дөхлөө. Цагдаа, иргэн хоёрын ялгаа нь юу байна вэ?
-Хууль хүн бүхэнд нэг байна гэдэг зарчим бол шударга ёсны суурь зарчим л даа. Тэрнээс дарга нарт нэг өөрөөр, ардын хүүхдүүдэд нэг өөрөөр үйлчлэх ёсгүй.
-Хурандаа нар хоригдоно гэхээс цус харвачих шахаж, сэхээнд хүртэл орлоо. Тэгэхээр шорон гэдэг хүн тэсэхийн аргагүй газар юм биш үү. “Долдугаар сарын 1″-ний гэх хэргээр хоригдсон олон иргэний нэг учраас танаас асуугаад байгаа юм.
-Ер нь цагдаа болохоосоо өмнө тэр шорондоо ядаж долоо хонодог болмоор санагддаг. Тэгвэл манай цагдаа нар иргэдийг шорон руу ачихдаа бас нэг юм боддог болох байх. Шорон ямар л сайхан байв гэж дээ.
-Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон ар гэрийнхэн нь Онц байдал зарласнаас хойших асуудлыг төр хариуцах ёстой гэх юм. Тэр нь тухайн үед Онц байдал зарласан Еронхийлөгч, штабыг нь удирдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд нар гэсэн үг үү?
-Сайнжаргал гэж этгээдийн ярилцлага дээр ийм өгүүлбэр байсныг харсан. Тэд төрд биш улс төрийн намд үйлчилсэн хүмүүс. Тухайн өдөр монгол төр рүү хэн ч дайраагүй. Ард түмний сонголтыг луйвардсан мафийн бүлэглэлийг эсэргүүцэж жагссан юм. МАХН-ын байрны өмнөх төрийн далбаандаа ч гар хүрээгүй юм шүү, Монголын ард түмэн.
-Хэрвээ төр хариуцах ёстой гэж үзэж байгаа бол энэ тухайгаа шүүх хурлаар ороод хэлэхээс юунд тэгтлээ айгаад байгаа юм бол. Цагдаагийн байгууллага МАН-ын хэлтэс шиг ажилладаг болчихсон юм уу?
-Тухайн өдөр ЦЕГ-ын хэвлэлийн алба бол МАХН-ын хэвлэлийн алба шиг л ажилласан. Намайг яаж гүтгэж байсныг олон хүн мартаагүй байх. Муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр баахан худлаа үнэн юм ярьсан. Дараа нь ичсэн хүн, хүн алдгаар ардын хүүхдүүдийг шорон руу ачсан шүү дээ.
-Хурандаа нар Онц байдлын бүсэд олон хүн явж байсан. Тас хар машинтай хүн иргэдийг хөөж буудсаныг яагаад шалгахгүй байгаа юм бэ гэдгийг асууж байгаа. Цагдаагаас өөр хүн буудах боломж, нөхцөл байсан болов уу?
Прокурорын байгууллагаас гаргасан мэдэгдлээр цагдаа буудсан гэдэг нь тогтоогдсон гэж ойлгосон. Буудуулаад амьд гарсан гэрчүүд ч мөн нотолж байгаа юм билээ. Би энэ дээр нэмж тайлбар хийх нь илүүц биз дээ.
-Хурандаа нар ердөө л улс төрийн золиос болж байна гэх юм. Заавар, чиглэл өгсөн улс төрийн хүчин, хэн нэгнийг ил болгочихвол ялгүй үлдэх юм биш үү?
-Улс төрийн золиос болохгүй гэж бодож байвал тэр буудах тушаал өгсөн даргыгаа л хэлэх хэрэгтэй. Хэний ч тушаал зааваргүйгээр байлдааны буу, сум тараагдаад тэрүүгээр нь хүн буудчихна гэж лав байхгүй биз. Эсвэл жирийн цагдаа нараа сайн дураараа хүн буудсан гэх гээд байгаа юм уу. Тодорхой хэлэх хэрэгтэй.
-Цагдааг удирддагаараа С.Баяр, Онц байдлын штабыг даргалснаараа Ц.Мөнх-Оргил, Онц байдал зарлаж 194 тоот тушаал гаргаснаараа Н.Энхбаяр буруутай гэцгээж байна. Та тэдний талаар юу хэлэх вэ?
-Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгч онц байдал зарласан нь хүн буудах шалтгаан болох ёсгүй. Тэр зарлиг дээр нь ч иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар тусгаснаас хүн хөөж буудах асуудал байгаагүй.
-Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар гэрчээр оролцохоо мэдэгдэж гарын үсэг зурлаа. Тэдний мэдүүлгээс тушаал өгсөн хүн ил болох магадлал бий болов уу?
-Би хариулж мэдэхгүй юм. Энэ хэрэг сонгууль бүхний өмнө сэдэрдэг улс төр л битгий болоосой гэж бодож байна.
-Энэ байдлаараа шүүх цагдаагийн хурандаа нарыг шүүх хурлаар оруулж чадахгүй юм биш үү?
-Харж л байя. Хэрэв дарга нар шүүх хурлаар орохгүй бол бусдыг шүүх нь өөрөө утгагүй зүйл болно. Тэгээд ч тэдгээр хүмүүсийг заавал яллах гээд байгаа юм байхгүй байх. Зөв бурууг нь л тогтоох гээд байна гэж би ойлгож байна.
-”Долдугаар сарын 1″ний гэх хэргээр хэдэн зуун залууст ял оноож байсан үеийн одоогийн хурандаа нарыг шүүх гэж оролцож байгаатай харьцуулаач?
-Хэний шидсэн чулуу юу оносныг тогтоолгүйгээр хэдэн зуун залууст өндөр ял оноосон шүү дээ. Тэр зарчмаар нь явбал тухайн үед буу барьж байсан бүхэнтэй хариуцлага ярьж болно. Цагдаа нар өнөөдрийг хүртэл тушаал биелүүлэхээс илүү хууль сахиулах үүрэгтэй хүмүүс гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Шүүхийн гадаа дүрэмт хувцастайгаа олуулаа очиж жагсаал хийхдээ хүртэл хууль сахиулах үүргээ умартаад бас нэг даргын тушаалаар л явж байгаа нь сургамж авахгүй байгаагийн илрэл.
-Ц.Нямдорж сайд манай сонинд ярилцлага өгсөн. Таныг Драгон төв дээр жагсаал зохион байгуулахдаа “Маргааш МАХН-ын байрыг газартай тэгшилнэ” гэж амлаад явсан гэж байна. Сайдынхаар та терроризм хийсэн юм биш үү?
-Терроризм гэдэг зүйл ангийн субьект нь алан хядах байгууллагуудын хар жагсаалтад орсон бүтцийн гишүүн байдаг юм. Өнөөдөр АНУ-аас гаргасан хар жагсаалтад Аль Каидагаас эхлээд 200 гаруй зэвсэгт бүлэглэл энэ жагсаалтад байгаа. Би тэдэнтэй ямар ч хамаагүй, бас холбоогүй. Ц.Нямдорж олон юм ярихаасаа өмнө түрээсийн байр, өндөр үнэтэй хаусынхаа талаар тайлбар хийх нь нийгмийн хүлээлт болоод байна. Бас дээрээс нь гадны тусгай албадтай холбоотой асуудал нь ч нэг тийшээ болоогүй байгааг сануулчихъя. Хамгийн шударга хүний царайг сүүлийн 20 жил үзүүллээ. Арваад жил Хууль Зүй, дотоод хэргийн сайд хийлээ. Салбараа бол бүрэн дампууруулсан, харин ар гэрээ нэлээн сайн өөд нь татсан юм шиг байна лээ.
-Бас терроризимд оролцсон хүн АН-ын гишүүнээр элсээд байгааг ойлгохгүй байна гэсэн утгатай зүйл ярьсан. Түүнийхээр АН гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар болсон гэх юм…
-Ардчилсан Намын дарга ойрын үед тайлбар хийх байлгүй дээ. Би юу хэлэхэв.
Ц.ӨРНӨХ



Сэтгэгдэл ( 0 )