Мэдэгдэл
Өчигдөр буюу 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Маргааш 2012 оны 4 дүгээр сарын 04-ний Лхагва гарагт 11 цагт Төрийн ордны Г танхимд “Иргэдэд олгох 1 сая төгрөг /хувьцаа/-ийн талаар АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий сайд С.Батболд нар мэдээлэл хийнэ” гэсэн зар түгсэн байна. Энэ асуудлыг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболдод урьдчилан мэдэгдэж, зөвшилцөөгүй бөгөөд Монгол Ардын Намын дарга өнөөдөр 11:00 цагаас дээрх асуудлаар ямар ч мэдэгдэл хийхгүй болно.
Монгол улсын иргэн бүрт хувьцаа олгох ажлыг үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллах болно. АН нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хариуцлагаас зугтаж, хамтарсан Засгийн газраас гарсан тул хамтарч мэдэгдэл хийж, тэдний улс төрийн тоглоомд татагдан оролцох нь зохисгүй үзэж байна. Ойрын үед иргэддээ хувьцаа олгох талаар Засгийн газраас дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Урьдчилан зөвшилцөж, санал солилцоогүй асуудлыг болох гэж байгаа үйл явдал мэтээр олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд зарлаж, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа явдалд гүнээ харамсаж байна. Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаныхан энэхүү худал, хуурмаг үйл ажиллагаагаа таслан зогсоож, асуудалд бодитой, буурь суурьтай хандаж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхгүй байвал зохино. Цаашид энэ мэт улс төрийн зорилго бүхий албан бус мэдээллээр асуудалд хандахгүй байхыг анхааруулж байна.
Монгол Ардын намын
ХМОНХХ-ийн дарга Д.Амарбаясгалан
2012.04.04

Сэтгэгдэл ( 0 )