ЗТХБС асан Х.Баттулгыг гэрээ байгуулахдаа Төрийн өмчийн хороогоор албан ёсоор батлуулаагүйг албан ёсоор мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 07

 




Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийнг газрын үндсэн бүтцийн байгууллага бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 21 дүгээр зүйлд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилж удирдамж, заавраар ханган ажилладаг.

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16, ба 76.1.17-д заасан "их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрлийг компанийн гүйцэтгэх удирдлагад олгох", Төрийн өмчийн хороо нь хувьцаа эзэмшигчдийн хувьд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10 ба 62,1,11 -д заасны дагуу "их хэмжээний хэлцэл болон сонирхолын зөрчилтэй хэлцлийг батлах" бүрэн эрхийг эдэлдэг.

"Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани нь 100 хувь төрийн өмчийн компанийн хувьд Компанийн гүйцэтгэх удирдлага нь хуулийн дээрх заалтын дагуу гэрээ байгуулах тухай Төрийн өмчийн хорооноос холбогдох удирдамж заавар, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр гэрээ байгуулсан бөгөөд Төрийн өмчийн хороогоор батлуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяатай хууль бусаар хамтран байгуулсан гэрээгээ Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл олгосон мэтээр олон нийтэд ташаа мэдээлсэнд харамсаж байна.

Төрийн өмчийн хороо нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяагийн хууль зөрчсөн үйлдэлд нь хуулийн хүрээнд хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдэж байна.

 

Төрийн өмчийн хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top