Монголын багш нарын баярыг 46 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Орхон аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид баярынхаа өдрийг ажлын өндөр амжилтаар угтан, баяраа ч сайхан тэмдэглэв. Багш нарын баяраар 200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч шагнал хүртсэн байна. Эрдэнэтийн багш нарын дундаас өнөө жил бас нэгэн гавьяат багш төрсөн. Үүний зэрэгцээ Орхон аймгийн шилдэг 45 багш ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан салбарынхаа дээд шагнал буюу Боловсролын тэргүүний ажилтан, цол тэмдгээр шагнуулсан байх юм. Мөн төдий тооны сургууль, цэцэрлэгийн багш Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Жуух бичгээр шагнагджээ. Энэ бүхнээс харвал Орхон аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлыг улс, төр засаг, салбарын яамнаас нь үнэлж тэдний бүтээсэн гавьяаг урамшууллаа.
Багш нарын баярын өдрийг тохиолдуулан аймгийн Боловсрол, соёлын газраас орон нутгийн хэвлэл болох “Шинэ мэдээ” сонинд хоёр нүүр төлбөртэй материал гаргасан байна. Энэхүү материалыг аймгийн Боловсрол, соёлын газраас бэлтгэжээ. Дэлгэмэл хоёр нүүр толгойноосоо эхлээд л агуулгын алдаатай нь уншсан хүн эргэлзмээр байсныг нуух юун. Монголын ард түмэн ардын багш нарынхаа баярыг тэртээ 1966 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Гэтэл энэ удаад аймгийн БСГ-ынхан “Монголын багш нарын 46 дахь өдрийн мэнд хүргэе” хэмээсэн байх нь сонирхол татмаар ч юм шиг. Ардын багш нарын баярыг улсын хэмжээгээр 46 дахь жилдээ тэмдэглэж байгаа энэ үед Орхон аймгийн БСГ-ынхан 46 өдөр л тэмдэглэн өнгөрүүлж байгаа бололтой. Энэ жилдээ л 46 өдөр тэмдэглэж байгаа юм уу эсвэл хэдхэн жилийн дотор 46 удаа баярлаж байгаа ч юм шиг ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Боловсролын удирдах зөвлөлийн дарга П.Пүрэвлхагвын мэндчилгээгээр эхэлсэн энэхүү хоёр нүүр төлбөртэй материалыг уншаад үзэхэд үнэхээр сонирхол татлаа. Тэр дундаас хоёрдугаар нүүр бүр илүү. Энэ нүүрний гол материалд нь “Сургуулийн өмнөх боловсрол, Бага боловсрол, Монгол хэл, бичиг, уран зохиол, Нийгмийн ухааны боловсрол, урлахуй ухаан, биеийн тамирын боловсрол, Математик, мэдээлэл зүйн сургалт, Байгалийн ухааны боловсрол, Гадаад хэлний боловсрол” гэсэн дэд гарчигтай бүхэл зүйлс чихэлджээ. Өөрөөр хэлбэл уншигчид гарчигнаас нь юм ойлгоход бэрх, дахин дахин уншиж байж л ухаарах шинжтэй дэг. Нэг үгээр хэлбэл, дээрх дэд гарчиг эх материал хоёр хоорондоо агуулга болоод хэлбэрийн уялдаа холбоогоор таарахгүй нь илт харагдана. За, энэ ч яахав гэж ойлгоё. Хоёрдугаар нүүрний хамгийн арын хоёр колонкод “Фото агшин” нэрийн дор 9 зураг тавьсан харагдана. Аймгийн Боловсрол, соёлын газрын хийж бүтээсэн ажил, амжилт ололтоос нь энэхүү “Фото агшинд” дэлгэн үзүүлжээ. Харамсалтай нь, энэхүү 9 зургийн 5 дээр нь аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ц.Ариунаа харагдана. Тооны хэлээр бол энэ 9 зурагны 66.6 хувьд нь Ц.Ариунаа дарга шагнал гардаж байгаа, гардуулж байгаа зураг байна. Уг нь зургийн сонголтыг арай өөрөөр хийсэн бол илүү хүртээмжтэй, агуулгатай “Фото агшин” харагдах байлаа. Үгүй бол “Фото агшин” Ц.Ариунаа даргад зориулагдсан болох гээд ч байх шиг. Эсвэл аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнг Ц.Ариунаа даргынх нь “Фото агшинд” тавигдсан зургийн тоогоор ойлгодоггүй л байлтай. Энд бичигч миний бие “Шинэ мэдээ” сонины тухай хэлэх гэсэнгүй. Нэгэнт л нүүр тус бүрийг нь 250 мянган төгрөгөөр худалдан аваад өөрсдийгөө сурталчлах гэж байгаа бол Ц.Ариунаа даргатай БСГ-ынхан арай өөрөөр сэтгэх байсан болов уу. Үгүй бол дээрх байгууллагынхан Ц.Ариунаа даргыгаа 500 мянган төгрөгөөр “Рекламдаж” байгаа нь энэ үү.
Өнгөрөгч 2011 онд Монгол оронд орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиосон. Энэхүү ойг тохиолдуулан аймгийн БСГ-аас нэгэн ном гаргасан байдаг. Түүнийг харсан хүн бүхэнд Орхон аймгийн Боловсролын түүхэн замнал гэхээсээ илүүтэй нэг айлын зургийн цомог юм уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Уг номын бараг л нүүр бүрт аймгийн БСГ-ын дарга Ц.Ариунаагийн зураг тодоос тод дурайна. Яг л хувийн гэрэл зургийн цомог шиг. Энэ номыг бас л төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн байж таарна. Ц.Ариунаа даргад хийж бүтээсэн ажил, санал санаачлага байлгүй яахав. Энэ жил л гэхэд аймгийн БСГ ажлаараа улсад тэргүүлсэн нь яах аргагүй Ц.Ариунаа даргатай холбоотой. Үүнийг нь хэн ч үгүйсгэхгүй. Гагцхүү юм үзэж нүд тайлсан эрдэм номтой хэн нэгэн хүн ном, зурагт сэтгүүл, сонингийн нүүр бүр дээр авахуулсан зургаа том жижиг, өнгөтэй өнгөгүйгээр олон дахин тавиад ч байдаггүй л байлтай. Эсвэл Ц.Ариунаа дарга өөрийнхөө даруулсан зураг бүрээр хийж бүтээсэн ажлаа тайлагнадаг юм уу.
С.Ганболд
Сэтгэгдэл ( 0 )