Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн сэтгүүлчид ирж төр засгаас явуулж буй бодлого үйл ажиллагааг иргэдэд мэдээллэн нэг ёсондоо тэдний ажлыг үнэгүй сурталчилж өгдөг. Гэтэл энэ долоо хоногийн шуурхай дээр Хотын захирагчийн албаны дарга Х.Олзбаатар хийсэн мэдээллийнхээ төгсгөлд телевизийн зураглаачдын чөлөөт стиллээр хувцасласныг шүүмжлэн хүн бүр “ГОК”-ын телевизийн зураглаач шиг хувцастай байвал дараа нь бичлэгээ олж авахад хэрэгтэй ухааны юм хэлсэн. Эдгээр зураглаачид түүний адил албан үүргээ биелүүлж яваа дарга нарын имиджийг шүүмжлэх гэж бус ард иргэддээ хэрэгтэй мэдээ, мэдээлэл бэлтгэхээр зорьсон нь ойлгомжтой. Хэн нэгэн даргын хувийн бичлэгийг бэлтгэж өгөх гэж байгаагаа дээрх зураглаачид тооцоогүй нь лавтай. Цолоо дуудуулж байгаа дээрх телевизийн удирдлагууд Зууны манлай бүтээн байгуулалт, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Эрдэнэт” телевизийн ажилчидтай адил ажлын хантааз урлаж өгч чадаагүй ч камер, микрофондоо өөрсдийн лого тэмдгийг наасныг анзаараагүй бололтой. Ямартай ч 150.0-200.0 мянган төгрөгийн цалин авдаг хөөрхий зураглаачид төрийн захиргааны байгууллага толгойлдог дарга нар шиг ганган дэгжин хувцаслаж чадахгүй нь мэдээж. Түүнээс гадна Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд “Зарим сайтууд үнэн бодит, баримттай нийтлэл бичиж байхаас гадна сэтгүүлчид, мэдлэг мэдрэмжээ дээшлүүлж нийгмийн гэрэл гэгээтэй талаас нь бичихийг мөн анхааруулсан. Дээрх даргын хэлсэн үг тархинд нэгийг өгүүлэв бололтой. Гэрэл сүүдэр ээлжлэн байдаг орчлонгийн гэрэлтэй, гэгээтэй бас сүүдэртэй, бараантай амьдралаас цухас сонирхуулахыг зорилоо. Гэгээтэй талаас нь бичвэл Эрдэнэтэд дурьдах зүйл олон бий. Хөрсөн доорх баялаг түүнийг олборлож байгаа үйлдвэрийн хүчин чадал, ажлын байр, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт гээд тоочиж болох юм. Гэвч ийнхүү бичээд байж гэмээнэ сайхан бүхэндээ бялуураад саарыгаа олж харахгүй байх сөрөг үр дагавар илрэх нь дамжиггүй.
Үүний бодит жишээг дурдъя. Орчны бохирдлын талаар дээр дооргүй ярьж хөдөлж байгаа өнөө цагт сэтгүүлч хүнийхээ хувьд төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнд нэмэр болох үүднээс энэ тэндэхийн ил задгай хог, хаягдал эмх замбараагүй байдлын зургийг дарж яваад хот дотор гал түлж байгаа нэгэн “ТҮЦ”-ийг олж харсан юм. Эхлээд нэг ихийг анзааралгүй хотын төвд гал түлж агаар бохирдуулж болохгүй хэмээн загнах гэсэн боловч эсрэгээрээ эргэх нь тэр. Учир нь уг “ТҮЦ”-нд Оюут багийн иргэн Д.Долгорсүрэн амьдардаг ажээ. Залуу сайхан насандаа Булган аймгийн Ингэтийн Сангийн аж ахуйд хөдөлмөрлөж явсан тэрээр амьдралын эрхээр найрамдлын тодотголтой хотноо шилжин ирж энэхүү “ТҮЦ”-ээр орон хийн таван жил амьдарч байгаа гэнэ. Орох орон, оочих аягагүй гэж хэлмээр харагдах авч энэ амьдралдаа гуниж гутарсан юмгүй “Лаа барьж гал түлээд дажгүй өвөлжчихсөн” хэмээн хүүрнэж сууна. Засаг захиргаа нь түүнийг Оюут багийн Дөмөгийн задгай гэж бүртгэсэн бололтой. Энэ төмөр саванд өвөлжих хэцүү биш үү? гэж асуухад тэрээр “Юу нь хэцүү байхав дээ. Хүүхэд, хүрэгчүүд байгаа л даа. Ажил төрөлгүй арай ядан өнөө маргаашаа аргацааж байгаа тэдэнд төвөг удаад яахав. Өглөө дэлгүүр нээхээс өмнө, оройд хааснаас хойш ганц нэг тамхи тариа зарж амьдралдаа хэрэглэдэг. Цахилгаан таслаад хаячихсан болохоос биш болоод л байдаг юм” гэж 63 настай Д.Долгорсүрэн ярьж байлаа. Манай аймгийн хэмжээнд 2011 оны жилийн эцсийн байдлаар амьжиргааны доод төвшнөөс доогуур орлоготой 8724 өрхөд 29.8 мянган хүн амьдарч байгаа нь нийт өрхийн 35.3 хувь, хүн амын 33.3 хувийг эзэлж байна гэсэн судалгаа байдаг. Амьжиргааны доод төвшнөөс доогуур орлоготой өрхийн 45.8 хувь нь нэн ядуу өрх юм. Энэ судалгаанд төр засаг, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд ямар ач холбогдол өгч ажиллаж байгаа нь харагдахгүй байх шиг. Саяхан болсон аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар төлөөлөгч бүр ард иргэдээ сайхан амьдруулах үүрэгтэй хэмээн ярьцгааж байсан. Чухам үүний тулд юу хийсэн гэдгээ ард түмэндээ тайлагнахыг хүсвэл манай сайт мэдээж нээлттэй байгаа. Сайхан амьдруулна гэсэн яриа үйлдэл хоёр нь зөрж хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэхдээ Бүсийн оношлогоо эмчилгээний төвд том оврын угаалгын машин худалдан авахад 42 сая төгрөг, мөн том оврын индүү худалдан авах зардалд 31 сая төгрөгийг гар өргөөд баталж байгаа нь хачирхалтай. Түүнийгээ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлдэг цөөхөн компанийн жишиг үнэ хэмээн тайлбарлаж байгаа юм. Хэрвээ тийм л юм бол монополь эрхтэй хэдхэн компанийг санхүүжүүлэх гэж дээрх төсвийг баталж байгаа юм биш үү. Шулуухан хэлэхэд Эрдэнэтийн иргэдийн амьдрал тэнгэр газар мэт зааг ялгаатай болсныг нүдтэй бүхэн харж байгаа. Хорооллын иргэд городынхон гэж ялгаран, газар нутгийн зэрэглэлийн бүсээрээ онцгойрч орон сууцны үнэ ханш тогтоох болоод байна. Тэр ч бүү хэл баячуудын нэртэй 11 дүгээр хороолол өргөжин тэлж байгаа нь ч нууц биш. Түүний дунд хэнийх нь үл мэдэгдэх “Люкс таун хаус” хэмээх хотын өнгө төрхөнд үзэмж нэмсэн сайхан хаус дүнхийж харагддаг. Сайн сайхан бүхэн рүү тэмүүлж яваад төмөр “ТҮЦ”-нд амьдарч байгаа жирийн иргэнээ олж харахгүй өнгөрөх вий дарга нар аа. Та бүхний бодлого шийдвэр, ажил үйлс Эрдэнэтийн иргэдийн сайн сайхан амьдралын нэгээхэн хэсэг нь сэтгүүлчид гэдгийг санаж явах нь зүйтэй юмсан даа.
Э.Батболд
Сэтгэгдэл ( 0 )