Шинэ оны босгон дээр Засаг даргагүй болсон Эрдэнэтийн иргэдийн өмнө тулгараад байгаа олон асуудал бий. Хаврын тарчиг цаг ирэхэд мах магнагт хүрч, байр сууцны үнэ Улаанбаатараас илүү хол давсан нь ард иргэдийн амьдралд ямар хохирол авчрах нь ойлгомжтой. Эрдэнэтийн хүнсний захууд дээр үхрийн мах кг нь 8000 төгрөгөөс давсан, нэг өрөө орон сууц 50 саяд хүрээд байна. Энэхүү үнийн хөөрөгдлийг тогтоон барихад төрийн хяналтын байгууллага, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг хууль ёсны тэмцэх үүрэгтэй байгууллагуудын амьсгал тасраад удаж байна. Дээрээ толгойгүй Орхон аймаг бүх л салбарт эзэнгүйдсэн.Тэгвэл өнгөрөгч долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл асуудалд бодитой хандаж эхэлснээр эрдэнэтчүүд тун удахгүй Засаг даргатай болох нь ээ. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын орон тооны нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар саяхан Эрдэнэт хотод хоёр хоног ажилласан байна. Энэ үеэр тэрбээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид, ГОК-ын болон хотын фракцын гишүүдтэй нэг бүрчлэн нүүр тулан уулзаж тодорхой арга хэмжээ авчээ.
МАН-ын Удирдах зөвлөлөөс аймгийн Засаг даргад УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайханы нэрийг хоёрдугаар сарын эхээр дэвшүүлээд байсан юм. Гэтэл ГОК-ын фракцаас Г.Давааням, хотын фракциас аймгийн Засаг даргын орлогч П.Пүрэвлхагва, Эрдэнэтийн Гаалийн газрын дарга Д.Винтов тэргүүтэй нөхөд өөрсдийгөө Засаг даргын сунгаанд сойж эхэлсэн. Бүр зарим нэг нь Засаг даргын ажлыг надаас өөр хийж чадах хүн Эрдэнэтэд алга гээд л өөрийгөө тодруулж, нэг үгээр сайн дураараа Засаг дарга болоод амжсан. Тэдний энэхүү дур зоргоороо үйлдлийг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар буруутгаж, удахгүй болох аймгийн ИТХ-д намын бүлгийг нэг зорилго, нэгдмэл ажиллагаатай оролцохыг үүрэгдсэн байна. Түүгээр ч үл барам намын Удирдах зөвлөлийн саналаас зөрсөн, хувийн тоглолт хийсэн, бусадтай нийлж хор найруулах төлөвлөгөө боловсруулсан нөхөдтэй намын зүгээс хатуухан хариуцлага тооцно гэдгийг ч нарийн бичгийн дарга албан ёсоор анхааруулжээ. Аймгийн Засаг даргын суудал эзэнтэй болоход хуулийн хүрээнд гацаа үүсээд байсан юм. Засаг дарга асан Д.Оюунбат аймгийн ИТХ-ын 17 дугаар хуралдааны 9, 11, 12 дугаар тогтоолыг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх ч Д.Оюунбатын өргөдлийг хүлээн авч дээрх тогтоолуудыг хүчингүй болгоод байгаа. Үүнтэй зэрэгцээд Засаг дарга асан Д.Оюунбатыг Авлигатай тэмцэх газраас албан тушаалдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр шалгаж улмаар прокурорт шилжүүлээд байв. Тун удалгүй прокурор яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлснээр шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хасч, 2.6 жилийн хорих ял оноосон билээ. Нэгэнт Д.Оюунбатын гэх хэрэг шүүхээр шийдэгдсэн болохоор орны хүний асуудал МАН-ын Удирдах зөвлөлийн хэмжээнд яригдаж эхнээсээ шийдэгдэж байна. Эх сурвалжийн өгүүлснээр Д.Оюунбатын захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл шийдэгдэхэд багагүй хугацаа шаардлагатай учир талууд асуудлыг харилцан тохиролцож чадсанаар Орхон аймгийн Засаг даргыг сонгох ажил нэг мөрт орж байгаа аж.
Энэ бүхнээс харвал тун удахгүй, бүр тодруулбал МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг энэ сарын 15-нд Японоос ирсэн даруйд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж Засаг даргаар Ё.Баярсайханыг сонгох бололтой. Аймгийн хурлын байгууллагын гаргах шийдвэрийг Ерөнхий сайд ёсчлон баталснаар Орхон аймаг Засаг даргатай болж, иргэдийн өмнө тулгарч буй олон асуудал шийдэгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )