Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд хэвлэлийн хурал хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

 Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар, гишүүд Т.Хасбаатар, М.Ичинноров, Ц.Энхцэнгэл, Р.Бурмаа, Р.Батсайхан нарын хүмүүс оролцлоо.Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд болон ирэх 5 сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болох Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультай холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн эрх, үүрэг тодорхой болсонд тэдний мэдээлэл гол анхаарлаа хандуулсан юм. Авлигын эсрэг хуульд зааснаар авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн үүргүүдийг тэд хэрэгжүүлэх болсон байна. Энэ хуулийн хүрээнд ОНЗ-өөс олон нийтийн анхааралд байгаа авлигын шинжтэй хэргүүдийн талаар иргэдээс гомдол мэдээллүүд ирсэний мөрөөр энэ хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулсан ажээ. Хэд хэдэн аймгийн Засаг дарга нартай холбоотой хэрэг шүүхэд шилжсэн ч Налайх дүүрэг, Увс, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгох оролдлого удаа дараа гарч байгааг хянан үзэх болно гэдгээ мэдэгдлээ. АТГ, Прокурорын хооронд үл ойлголцол бодитойгоор оршиж, нэг нь нөгөөгийнхөө шийдвэрийг үгүйсгэх, зөрчилдөх байдал илт анзаарагдагдсаар байгаад тайлбар гаргуулж, шаардлага хүргүүлнэ гэдгээ мөн мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон нь өөрөө авлигын болон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан шинжтэй үйлдэл болохыг анхааруулж байна. Ажилдаа хариуцлагагүй хандсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нар олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадаагүйнхээ төлөө ажлаа өгч албан тушаалаасаа огцрох хэрэгтэй гэж тэд хэллээ.

Аливаа хэргийн үнэн мөнийг шударга шүүх дээр тогтоох ёстой. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу хийж шүүх хүртэл нь явуулахгүй байх сонирхол хуулийн байгууллагуудад байгааг тэд зэмлэн буруушаалаа. Жирийн иргэд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын аливаа асуудлаар баримттай нотолгоотой өргөдөл гомдол олноор гаргадаг. Харамсалтай нь эдгээр хэргүүдэд ямар нэг үндэслэл шалтгаанаа тайлбарлахгүйгээр хэрэг үүсгэхээс татгалздаг гэсэн өргөдөл гомдлууд ОНЗ-д олноор ирдэг тухай тэд хэлэв. Өнөөдөр Монгол орныг сульдан доройтуулж буй авлигын хэрэгт төрийн өндөр албан тушаалтнуудыг холбогдуулан шалгах чадваргүй байгаа АТГ хуулиар хүлээлгэсэн үүрэг хариуцлагаа өндөр ухамсарлан ажиллах ёстой гэдгийг тэдэнд сануулсан юм.

А.Чимгээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top