Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

Нийгмийн хамгийн хариуцлагатай салбарын нэг бол яах аргагүй сэтгүүл зүй. Олон нийтийн өмнөөс шийдвэр гаргах түвшний байгууллагад үгийг нь хүргэж, гүүр болдог хэвлэл мэдээллийнхэн хариуцлага-ёс зүй гэсэн үгсийг холбоо үгний түвшинд хүртэл өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажиллах шаардлагатай болоод байна. Иймээс ч “Хэвлэл мэдээллийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлан, тус тусын төслөө хэлэлцүүлж байна. Хэвлэл мэдээллийг улс төр, эдийн засгийн бүлэглэлийн санхүүжилтээс авч гарах торгон агшин хэмээн өнөө үеийг зарлаж, үзэг барьж, үгээ хэлдэг бүхэн олон нийтийн анхаарлын гол цэгт очоод байгаа нь цаг үеийн шаардлага юм. Орхон аймагт арилжааны арав гаруй телевиз, долоо хоногийн гурван сонин, арав гаруй FM радио, төдий тооны цахим хэвлэл болох мэдээллийн сайт  ажиллаж, өөр өөрийн хүрээнд мэдээлэл түгээж байна. Манай Erdenetnews.mn сайт өдөр тутмын мэдээлэл цацаж, хандалтын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж хэрэглэгчдийн танил болсон. Дээрх олон хэвлэл мэдээллийн байгууллагад 100 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажиллаж байгаа гэсэн албан бус тоо бий. Эдгээр ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж, мэргэжлийн хувьд зангидаж суух байгууллага нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юм. Уг байгууллагын салбарын захирлаар сэтгүүлч Б.Баттогтохыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэвлэл мэдээллийн байгууллагын 78 ажилтан 68 хувийн саналаар сонгосон. Олонхийн саналаар томилогдсон Б.Баттогтох хуучин захирал С.Сувдаагаас тамга тэмдэгээ хүлээн авсан ч өнөөдөр энэ үйл явцыг хууль бус томилгоо гэж МСНЭ-ийн удирдлага үзэж байгаа гэнэ. Б.Баттогтох аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг нь дээрх мэргэжлийн байгууллагыг удирдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа аж. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид сэтгүүлчдээ цуглуулан хурлаа хийж, даргын сонгуулиа дахин явуулахыг Б.Баттогтоход үүрэг болгожээ. Оны өмнө шинэчлэгдсэн сэтгүүлчдийн байгууллага орон нутгийн сэтгүүлчдээ бүртгэж дууслаа хэмээн төвийн телевизээр Б.Галаарид дарга ярьж байгаа ч Орхон аймагт сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллага нь даргагүй байна. “Шинэ мэдээ” сонины эзэн С.Шаравдорж “Б.Баттогтохыг сонгосон хууль бус хурлыг дахин хийнэ” гэж хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдийг цуглуулахыг оролдсон ч оролдлого нь бүтэлгүйтжээ. Учир нь олонхи сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнууд С.Шаравдоржийг “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Д.Цэнд-Аюушийг Б.Баттогтохын оронд даргаар тавих хувийн сонирхолтой байгаа. Иймд бид нэг хүний эрхшээлд орж, хувийн байгууллагынх нь ажилтнаас ялгарахгүй болох сонирхолгүй байна гэж үзжээ. Энэ бүхний цаана мэргэжлийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байна. Б.Галаарид ерөнхийлөгч дээрх зөрчлийг анхаарч, олонхийн саналыг хүндэтгэж үзэхийг олон сэтгүүлч хүсэж байгаа. Үүнийг саяхан цугларсан Залуу уран бүтээлчдийн холбооны гишүүдийн уулзалт нотолсон гэж сэтгүүлчид ярьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top