Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдон баривчлагдсан өмгөөлөгчдийн өмнөөс Монголын Өмгөөлөгчдийн холбоо мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11


2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн экс дарга нарыг буруутган шүүж байгаа билээ.  Цагдаагийн дарга нарын өмгөөлөгчдийг эхнээс нь баривчилж эхэлсэн нь нийгэмд багагүй түгшүүрийг үүсгээд байгаа.   ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генарал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг  Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ сарын 9-нд 14 хоногийн турш саатуулсан бол  дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг өнөөдөр  шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр   мөн 14 хоног саатуулжээ.  Өмгөөлөгчдийн холбоо энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж  мэдэгдэл гаргасаныг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

 Мэдэгдэл

 

              Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах, шүүх ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар хүлээсэн мэргэжлийн үүргээ гүйцэтгэснийх нь төлөө өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нартНийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх баривчлах шийтгэл ногдуулсан нь тус Улсад ардчилал, хүний эрх, шүүх эрх мэдлийн тухайҮндсэн хуулийн дээд үзэл санаа, эрс шинэчлэлийн хүрээнд бүтээсэн ололтуудыг бүдгэрүүлэх, улмаар шударга бус шүүх ажиллагааг гэрчлэх нэгэн үйл явдал ардчилсан дэглэмийн үед нэгээр нэмэгдлээ.

Ардчилал, хүний үндсэн эрхийн баталгаа ньгагцхүү ШУДАРГА ШҮҮХбайдаг тухай номлож, түүнийг Үндсэн хуульдаа тунхаглан зарласан хэдий ч өрнөж буй үйл явдлаас ажиглахад хүний эрхийг хамгаалагч, “өмгөөлөгч”-ийн мэргэжлийн нэр хүндийг гутаан доромжлох нь хэрээс хэтэрч, урьдаас төрсөн дотоод итгэл үнэмшилдээ хөтлөгдөн бусдын хэрэгт хошуу дүрэн хөндлөнгөөс оролцож байгаа шүүхийн бүтцийн байгууллага, албан тушаалтны  эрээ цээргүй үргэлжилсэн мэдэгдлүүд, элдэв хэлбэрийн дарамт шахалт, захиалгат мэдүүлэг, хууль бус нотолгоог үндэслэн өмгөөлөгчийн эсрэг  явуулж буй шударга бус шүүх ажиллагааг тус Холбооны Удирдах зөвлөл эрс буруушаан эсэргүүцэж байна.

Хэрэв өмгөөлөгчийн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийг нь үл тоомсорлон халдсан дээрх үйл явдал даамжиран үргэлжилж, хүний эрхийн төлөө дуу хоолой болсон өмгөөлөгчийн мэргэжлийн ажлын бие даасан хараат бус байдлыг алдагдуулж, түүнийг баривчлан саатуулах замаар айлгах,  амыг нь хаах, зоригийг  мохоож мэргэжлийн үйл ажиллагаанаас нь холдуулах гэсэн сүрдүүлгийн шинжтэй ажиллагаагаа засах талаар эргэж нэг харахгүй бол шүүн таслах ажиллагаанд гацаа үүсгэж, зөвхөн яллах талын чиг үүргийн хүрээнд шийдвэрээ гаргах бодит байдалд хүргэж болзошгүйг онцгой анхаарч гарч болох эрсдлийг шүүх тооцож байгаа гэдэгт найдаж байна. Болж буй үйл явдал нь Ардчилалыг шинээр тогтоож буй орнуудын дунд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах төр засагтай Улс орны дотоод хэрэг мэт харагдав ч Олон Улс,  гадаад ертөнцийн анхаарлыг татах асуудал нь зөвхөн хүний эрхтэй холбогдож байгаагаараа явцуу хүрээнд харахгүй байхыг шударга ёсны үнэлэмжээр сануулахад илүүдэхгүй болов уу.

Хүний эрхийн зөрчил хойшид гарахыг үгүйсгэхгүй ч, харин түүнийг хамгаалах мэргэжлийн үүрэг хүлээсэн этгээдийг барьж хорих, айлган сүрдүүлэх, хэлсэн үг, хийж буй үйлдлийнх нь эсрэг төрийн нэг эрх мэдэл бодлого үйл ажиллагаагаа чиглүүлвэлхүний  үндсэн эрхийн баталгаа үгүйсгэгдэж, шударга ёс дархлаагүй болж байгаагийн бодит илрэл гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна

            Нийгэм олон түмнийг төөрөгдүүлж талцуулахгүй, бодит мэдээллээр хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж,  шударга ёсны дархлааг тогтооход манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид энэ цаг үед онцгой байр суурь эзлэх учиртайг санаж, байнга шударга ёсыг хамгаалахад хамтдаа, нээлттэй бодитой талаас хандахыг уриалж байна.

 

 

                              МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ УДИРДАХ

                                ЗӨВЛӨЛ, НИЙСЛЭЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ

 

2012 оны 4 дүгээр сарын 10

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top