Орон нутагт бэлчээр, уул уурхайн, нийслэлд барилга байгууламжийн газрын дээрэм өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Хэн дуртай, эрх мэдэлтэй нь бусдын газрыг дээрэмдсээр эцэстээ улсын чанартай эмнэлгүүдийн газар уруу уухайлан дайрах болжээ. Үүний нэг жишээ нь манай улсад гэнэтийн осол, аюул, эндэгдлийн үед түргэн шуурхай үйлчилж, мэргэжлийн өндөр төвшинд мэс ажилбар хийдэг ГССҮТийн эзэмшлийн газарт өнгөрсөн долоо хоногоос эхлэн “дээрэмчид” халдсан явдал юм. Халдах халдахдаа бүр орон нутгаас яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүнд өвчтөнийг авч ирсэн нисдэг тэрэг буух зориулалтын талбайд хувийн эмнэлэг барихаар шийджээ. ГССҮТ бол Монголдоо цорын ганц нисдэг тэрэгний буудалтай эмнэлэг гэдгийг уншигч Та бүхэн сайн мэдэх биз ээ. Гэтэл нисдэг тэрэгнийх нь буудлыг дээрэмдэх ажилд гар бие оролцож буй хүн нь олон жил эрүүл мэндийн салбарт ажилласан, анагаах ухааны доктор, Хүний гавьяат эмч Л.Жамбалжав гэнэ. Тэрбээр “Мон мэс” эмнэлгийн зөвлөхөөр ажилладаг гэх боловч үнэн хэрэгтээ захирал нь хэмээн зарим хүн ярих ажээ. Тэрбээр эмнэлгийнхээ салбарыг ГССҮТ-ийн хашаанд барих зөвшөөрлийг ЭМЯ болон Нийслэлийн газрын албанаас авсан сурагтай. Тус эмнэлгийн эмч, дарга нар мэргэжил нэгтнээ ийм хууль бус зүйл хийх гэж байгаад нь гомдоллож байлаа.
Тэд “Л.Жамбалжав ЭМЯ-нд газрын дарга байх үедээ эмнэлгийн эзэмшлийн газарт халддаг хүмүүстэй тэмцэнэ. Эмнэлгийн орчныг сайжруулахад төрөөс анхаарах хэрэгтэй гэж ярьдаг байсан. Гэтэл одоо улсдаа ганцад тооцогддог, хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг манай эмнэлгийн газар уруу өөрөө дайрч байгаа нь харамсалтай байна. Эмнэлгийн урд талын машины зам ганц урсгалтайн дээр “Эко констракшн”-ы орон сууцны оршин суугчид манай эмнэлгийн хаалгаар орж, гардаг. Хэрэв Л.Жамбалжавын “Мон мэс” эмнэлгийнх нь салбар энд баригдчихвал тэр талаас орж ирэх өвчтөнд үйлчлэхэд хүндрэлтэй болно. Ер нь орон нутгаас нисдэг тэргээр өвчтөн ирэх боломжгүй гэсэн үг. Тиймээс өвчтөнийг хаана байгаа газартаа үх гэсэнтэй ялгаа алга” хэмээн бухимдаж байлаа.
Эмнэлгийн ажилчдын хэлж байгаагаар амралтын өдрүүдэд оройн цагаар том машинтай хүмүүс ирээд хашаа барьдаг гэнэ. Уг нь ГССҮТийн гаднах талбайд барилга барих нь бүү хэл үйлчлүүлэгчдийн машин багталцахад бэрх байдгийг албаныхан мэдмээрсэн дээ. Сүүлийн үед энэ мэт танилтай, эрх мэдэлтэй нэгэн бусдын эрх ашгийг зөрчих үзэгдэл газар авсаар байгаа билээ. Л.Жамбалжав “Хүн ардын эрүүл энхийн төлөө” хэмээн тангараг өргөж энэ салбараас гавьяа шагнал хүртчихээд иргэд, олон нийтийн эрх чөлөөг боомилж байгаа нь дэндүү харамсалтай. Тэрбээр “Барилга барих зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайд аль хэдийнэ өгчихсөн. Гэмтлийн эмнэлгийн хамаг газар дээр нь барилга барих гээгүй шүү дээ. Хүн, амьтан бааж, шээсэн нэг буланд л 30х12 хэмжээтэй барилга барина” хэмээн ярьсан аж. Өөрийнхөө эрх ашгийн төлөө ингэж эрээ цээргүй авирлаж яваа хүнийг гавьяат эмч хэмээн өргөмжилж болмооргүй санагдана. Ингэж хэлэхийн учир Гэмтлийн эмнэлгийн урд талын явган хүний хаалгыг таглаад өндөр төмөр хашаа бариулсан нь үйлчлүүлэгчдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. “Ер нь энэ эмнэлгийн, тэр тусмаа нисдэг тэрэг буудаг газарт барилга барих зөвшөөрлийг хэн өгөв. Яагаад заавал хамгийн ачаалал ихтэйд тооцогддог ГССҮТ-ийн хашаан дахь алга дарам зайд гэж. Үнэхээр л иргэд, олон нийтийн төлөө гэсэн сэтгэлээр эмнэлэг барих гэж байгаа бол хотын төвөөс зайдуу барьж болно шүү дээ” гэх мэтээр хэвтэн эмчлүүлэгсэд ч бухимдах ажээ.
Тус эмнэлэг өдөрт 250–300, жилдээ 70 гаруй мянган хүн тогтмол хүлээж авдгаас жилд дунджаар 5500 мэс заслын эмчилгээ хийдэг манай улсын цорын ганц онцгой эмнэлэг юм. Харин нийт 420 ортой ч тогтмол 430-450 хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Ийнхүү хөл хөдөлгөөн ихтэй учраас яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүд орж, гарч чадахгүй хүлээгдэх нь жирийн үзэгдэл болжээ. Уг нь эмнэлгээс 100 метрийн зайд барилга барих албан ёсны зөвшөөрөл байдаг ч сүүлийн жилүүдэд эмнэлэгтэй хаяа нийлүүлэн олон барилга баригдсан нь ачаалал ихэсгэж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байв. Түүнчлэн “Мон мэс” эмнэлэг нисдэг тэрэгний буудал дээр нь барилга барьчихвал ажил үйлчилгээ явуулахад ачаалал, түгжрэл нэмэгдэх нь ойлгомжтой. Хэдэн жилийн өмнө “МИ-8” онгоц осолдоход өвчтөнүүдийг нь “Буянт-Ухаа”-гаас нисдэг тэргээр энэ буудал дээр буулгаж байсан. Энэ мэтчилэн орон нутагт осол, гэмтлийн тоо сүүлийн үед өсөхийн хэрээр хохирогч тусламж авч чадалгүй хугацаа алдсанаас болж амиа алдах тохиолдол цөөнгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарын бодлогоор тус эмнэлгийг ирэх жилээс яаралтай түргэн тусламжийн онгоцтой болгохоор төлөвлөжээ. Гэтэл Л.Жамбалжав гавьяат тус эмнэлгийн алга дарам зайд шунаж байгаад эмнэлгийн удирдлагууд эсэргүүцэл үзүүлээд зогсохгүй Төлөөлөн удирдах зөвлөл байгуулж өнөөдрөөс эл асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ зөвлөл ЭМЯ болон Олон нийтийн байгууллага, ГССҮТ- өөс тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдах бөгөөд эмнэлэг барихыг зөвшөөрөхөд ашиг сонирхлын зөрчил орсон эсэх, мөн газрын зөвшөөрлийг нь шалгахаар болжээ.
М.Наранболд
www.UNEN.mn
Сэтгэгдэл ( 0 )