М.Энхсайхан: Ерөнхий сайд, Шадар сайд нар мэдээлэлгүй байна гэсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа явагдаж байгаа Удирдлагын академийн байранд  яг одоо экс Ерөнхийлөгч болон түүний эхнэр Цолмон, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдавга нартай АТГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга Э.Амарбат уулзаж байна. Энэ талаар ҮШН-ын дарга М.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та Н.Энхбаяртай уулзсан уу?

-Уулзаагүй. Биеийн нь  байдал тааруу байх шиг байна. Зүрх нь өвдөж, даралт нь ихэссэн гэсэн. Одоогоор эмч нар ямар нэг эмчилгээ хийгээгүй байгаа гэсэн. Би энэ хүнтэй ажил хэрэг, үзэл бодлын хувьд ойр байдаг хүний хувьд үүсээд байгаа асуудлын талаар Ерөнхий сайд, Шадар сайд нартай утсаар холбогдож лавласан боловч тэд  энэ талын мэдээлэлгүй байна гэсэн.

-Баривчлах ажиллагааг та юу гэж харж байна вэ?

-Сонгууль дөхсөнөөс үүдэлтэй улс төрийн эмгэнэлт жүжиг. Монголын төр өнөөдөр юу хийж байгаа нь энэ вэ. Ард түмэн өнөөдөр МАНАН гэх улс төрийн бүлэглэлээс залхаж, өөрчлөлтийг хүсч байна. Гэтэл тэд ийм  эсрэг зүйл  хийж төрийн тусгай хамгаалалтад байдаг, МУ-ын Ерөнхийлөгч, Монголын томоохон намын даргыг ингэж “Чоно борооноор” гэгчээр шөнө дөлөөр баривчилж байгаа нь ямар учиртай юм бэ. Ямар ч зүйлд ёс зүй байх ёстой биз дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top