МАХН-ын даргыг баривчилсантай холбогдуулан МАН-ын гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13


 

 

2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулжээ.

 

Авилгатай тэмцэх газар иргэн Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасныг прокурорын байгууллага зөвшөөрч, шүүгч захирамж гаргасан байна.

 

Энэ үйл ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн байна.

 

Гэтэл үүнийг улс төрийн зарим хүчин улс төрийн байр сууринаас тайлбарлаж, түүнд МАН оролцсон мэтээр зориуд мушгин гуйвуулж байгаад харамсаж байна.

 

Энэ шийдвэрийг гаргасан Авилгатай тэмцэх газар, прокурор, шүүхийн байгууллагууд нь УИХ, Засгийн газар, улс төрийн нам хүчнээс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг болохыг тэмдэглэж байна.

 

Харин хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын эрх, өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

 

Цаашид хууль, шүүхийн байгууллагын аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, улс төрийн зорилгоор элдэв тайлбар дүгнэлт хийх нь асуудлын үнэн зөвийг олоход саад тотгор учруулж, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, нийгэмд бухимдал үүсгэх ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг сануулж байна.

 

Энэ ажиллагааг зохион байгуулсан Авилгатай тэмцэх газар, шийдвэр гаргасан шүүх, прокурорын байгууллага тухайн асуудлаар холбогдох тайлбар мэдээллийг хуулийн хүрээнд цаг алдалгүй олон нийтэд хүргэхийг шаардаж байна.

 

 

МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг

 

2012 оны 04 дүгээр сарын 13

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top