ИТАР-ТАСС: МУ-ын экс ерөнхийлөгч Н.Энхбаяр нууц мэдээлэл задруулсаныхаа төлөө баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан тухай мэдээллүүд гадаадын хэвлэлүүдээр цацагдаад эхэлжээ.

Тухайлбал BBC агентлаг өнөөдрийн мэдээлэлдээ:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-ын газрын тусгай хүчнийхэн Улаанбаатар хот  дахь Удирдлагын академийн сургуулийн нутаг дэвсгэрээс тусгай ажиллагаа явуулан баривчиллаа. Экс ерөнхийлөгчийн машиныг  тусгайгийнхан бүсэлсэн боловч түүнд бүгж нуугдах боломж гарсан байна. Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид экс ерөнхийлөгчийг  баривчилсан шалтгааныг хэвлэлийн бага хурал дээр тайлбарлахдаа, Н.Энхбаярыг  жил гаруйн хугацаанд мөрдөн шалгаж байгаа ч нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, үл ойшоосоор ирсэн гэх зэргээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-ын уг баривчлагатай холбоотой эсэргүүцлийн ажиллагаагаа эхлүүлээд байна. Н.Энхбаяр нь 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, 2008 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид ялагдсан юм гэжээ.

Тэгвэл ОХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн мэдээнд, Н.Энхбаяр 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-ний үймээний үеэр улс төрийн намуудын удирдлагуудын уулзалтын протоколыг олон нийтэд дэлгэсэн юм. Уг мэдээллийг хийснээс үүдэн түүнийг баривчилсан байна. 2010 оны 11-р сард болсон МАХН-ын 26-р их хурлаас хойш Н.Энхбаяр МАН-аас салан тусгаарлаж, МАХН-аа дахин эмхлэн байгуулж, тэргүүлж байсан бөгөөд тус нам удахгүй болох парламентын сонгуульд оролцохоор бэлдэж байгаа юм. Ажиглагчид Н.Энхбаярыг баривчилсан явдлыг ирэх зургадугаар сард болох парламентын сонгуулийн өмнөх улс төрийн томоохон хүчнүүдийн хоорондох сөргөлдөөн гэж үзэж байна гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top