Н.Энхбаярыг баривчилсан тусгайгийнхан дунд шоронгийнхон байсан уу

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 14


 

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 12-ны орой Монгол улсын түүхэнд бас нэгэн түгшүүр тээсэн үйл явдал өрнөлөө.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асуудлаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг хэрэгтэй холбоотой 260 хуудас материалыг сэтгүүлчдэд өгсөн. Тэрээр энэ материалтай танилцсанаар, иргэд энэ жилийн УИХ-ын  сонгуулийг яаж будлиангүй  явуулах вэ гэдгээ ойлгох болно гэсэн юм. Уг материал нь долдугаар сарын 3 -нд улс төрийн намуудтай хийсэн хуралдааны тэмдэглэл, мөн сарын 4-нд хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл, нэг хуудас уриалга, Долдугаар сарын 5-ны өдрийн тэмдэглэл байсан ажээ.  

“Оргил” рашаан сувиллын орчим дахь гэрийнх нь үүдэнд АТГ-ын нэрийг барьсан энгийн хувцастай  зургаан залуу  машин руу нь дайрч, бууны бөгсөөр машиных нь цонхыг хагалсан төдийгүй хоёр хамгаалагчийг хоёр залуу барьж үлдсэн дөрөв нь  Н.Энхбаярыг өөр машин руу чихэж суулгахыг оролдсон юм. Удалгүй цагдаагийн албан хаагчид, төрийн тусгай хамгаалалтынхан нэмэгдэн ирж, байрыг бүсэлсэн бол МАХН-ын гишүүд, дэмжигчид цугларч цагдааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Энэ үеэр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас “Цагдаа нараас яагаад галт зэвсэгтэй ирж байгааг асуухад ,”Шаардлагатай үед галт зэвсэг хэрэглэх хуулийн заалт бий ” гэв. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсны хувьд хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байгаа. Гэтэл түүний байгаа байрыг тойрон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын тасгийнхан болон бусад дүүргээс цагдаагийн нэмэлт хүч ирж хамгаалалтад гарсан. Мөн энгийн хувцастай залуучууд ирсний дотор малгай дарж өмссөн халзан толгой, зэвхий царай, хүйтэн төрхтэй залуус байсан нь шоронгийнхон гэх. Ийм хүмүүсийг иймэрхүү юманд ашигладаг гэх нь ч чих дэлсэж байлаа.

24 цагийн орчим ууттай хоол барьсаар гүйж ирсэн залуу, “Манайхаан, бөөн цагдаа нар ирж байна шүү,  болгоомжтой байгаарай” гэхэд, Н.Энхбаярын үүдэнд цугларсан хэвлэл мэдээллийнхэн хэдий ажилтай, намынхан гарч ирэн мэдээлэл хийж байсан ч, сэрэмжлэхийн зэрэгцээ, аппарат, ажлын зэвсгээ бэлтгэн хүлээзнэлээ. Учир нь гадаах хашааны хаалга нилээд зайтай төдийгүй үзэгдэх орчин байраар халхлагдаж байсан юм. Гэтэл ямар ч чимээ аниргүй, цагдаа нар ирээгүй тул хүмүүс, “Энд бас худлаа үнэн дуулиан дэгдээсэн нөхдүүд байна” гэлцээд өнгөрсөн. Гэтэл гадаа хашааны үүдэнд байсан иргэний яриагаар хоёр ч удаа бүлэг цагдаа нар сүртэйеэ эгнэн жагсаж ирээд,хашаа руу гүйлдэн орсон. Гэхдээ шууд байрны араар тойрон алга болсон гэсэн. Аргагүй юм, тэд халуун цэг дээрх хүмүүст үзэгдэлгүй, араар бүслэлт хийж байсан нь тэр аж. Тийм ч болоод тэнд байсан Н.Энхбаярын ойрын нөхдүүд түүнийг аваад нөгөө талаар гарахыг завдсан боловч, ямар ч боломжгүй бүсэлсэн байсан тухай ярьсан нь оргүй зүйл биш бололтой.

Өнөөдөр бид зөвхөн нэг хүнийг хамгаалаад байгаа юм биш, нийгэмд ийм бусармаг юм болж, төрийн тусгай хамгаалалтанд байдаг хүн рүү бүдүүлгээр халдаж байгаад харамсч байгаа. Төрийн тусгай хамгаалалтын хууль гэж байдаг. Тиймээс хамгаалалтыг болиулсны дараа баривчилгаа хийх байсан юм биш үү гэсэн байр сууриа олон хүн илэрхийлж байв.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр өглөөний 05.55 цагт хүч хэрэглэн баривчлахдаа хамт байсан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхэнд халдсан. Үүний улмаас Ч.Улаан гишүүний нүдний шил хагарч, Д.Тэрбишдагва гишүүний нүүр хавдсан байдалтай байв. Баривчилгааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Шинэбаяр нарыг сууж байсан дивантай нь хөмрөн дарсан бөгөөд О.Чулуунбат тархиндаа гэмтэл авчээ.

Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар зарим зүйлд тодруулга өглөө.



Ч.Улаан: Нүдээр үзэхгүй бол итгэх аргагүй юм байна

Би яг МАН-аас гарна гэсэн мэдэгдэл хийгээгүй. Ер нь бол зүүний үзэл баримтлалтай намууд хамтарч, эвсэж сонгуульд оролцох нь аль аль намынх нь эрх ашигт илүүтэй нийцнэ гэж бодож байгаа. Н.Энхбаяр даргыг баривчилсан нь намайг намаасаа гарах шийдвэр гаргахад нөлөөлөхгүй. Би одоо ч гэсэн эвсэж хамтарч ажиллавал амжилт гаргана гэсэн бодолтой хэвээр байгаа.

Тусгай тасгийнхан УИХ-ын гишүүн бидний халдашгүй дархан эрхэд халдсан нь хуулинд нийцэхгүй үйлдэл. Сууж байсан диваныг дор нь хөмрөөд, Шинэбаяр гишүүн бид хоёрыг дарж унагасан. Бүх үйл явдал дууссан хойно л бид хоёрыг диван дороос гаргасан. Ер нь ингэж хүч хэрэглэх шаардлага байсан юм уу. Аймаар юм болдог юм байна. Нүдээр үзэхгүй бол итгэх аргагүй юм байна. Ийм нийгмийг бид хүсээгүй. Би яг бодит байдлыг л илэрхийлнэ. Хууль хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийгээч гэсэн саналыгнамын бүлэгтээ тавина. Хууль ёсоо дагаж мөрдөхгүй байна. Хуулиа дагаж мөрддөг бол ийм зардал чирэгдэл болохгүй. Бид дотор зүгээр л сууж байсан. Орж ирсэн хүнийг суухыг урьсан. Гэтэл араас нь хаалга эвдэж орж ирээд Н.Энхбаярыг хүчээр аваад явлаа.Төрийн хамгаалалтад байх ёстой хүний биед халдаж, албадан баривчлахыг та бүхэн харлаа. УИХ-ын гишүүдийн биед халдаж байгаа юм чинь... гэсэн бодол төрсөн. Бид ямар ч үйлдэл хийгээгүй сууцгааж байхад ийм юм болсон.

Ер нь хүчний байгууллагууд Ерөнхий сайд, ХЗДХЯ-нд харъяалагддаг ч тухайн удирдлагуудтай хамаатай хэрэг гэдгийг би тогтоохгүй. Ямар ч байсан бид өнөөдөр болсон бодит явдлыг УИХ-д үнэн бодитоор нь танилцуулна. Үйл явдлыг нүдээр харсны хувьд үнэнийг хэлнэ.



УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Том хүчирхийлэл болж өнгөрлөө

Засгийн газрын байр суурийг сонсох юм гэсэн. Засгийн газрын юу ярихыг нь сонсмоор байна. Туйлын харамсалтай үйл явдал болж байна. Том хүчирхийлэл болж өнгөрлөө. Тийм учраас эхлээд Засгийн газрын байр суурийг сонсож байгаад дараа нь өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Урд шөнө болсон асуудлыг ярина. Намаас гарах тухайд ямар ч байсан Засгийн газар болон намын бүлгийнхээ байр суурийг сонсъё. Намын асуудлыг дараа яръя. Өнөөдөр үнэхээр хүний амь нас, балмад явдлын талаар яримаар байна. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхэд ноцтойгоор халдлаа. Бидний заримыг нь дивантай нь өргөж шидээд дээрээс диванаар дарлаа. Миний бүрэн эрхэд ч ноцтой халдлаа. Тийм учраас тэнд байсан нөгөө гурван гишүүнтэйгээ ярьж байгаад хууль хяналтын байгууллагад гомдол гаргах асуудлаа шийднэ.

Одоогоор биеийн байдал гайгүй л байна. Хоёр, гурван газраа цохиулсан. Өглөө эмчид үзүүллээ. Хөхөрч, няцарсан зүйл алга. Хацар жаахан хавдартай, цээж бага зэрэг хөндүүртэй байна.

УИХ-ын гишүүн бид халдашгүй дархан эрх эдлэхийг хүссэнгүй.Гол нь шударга үнэний төлөө байсныхаа төлөө зодууллаа.Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. 2008 оны Долдугаар сарын 1-ний өдөр цагдаа нар зодуулж байхад, тэднийг хамгаалж байсан. Ганцхан юманд гомдолтой байна. Хичнээн цагдаа ирэв. Бид зүв зүгээр элдэв үйлдэл хийгээгүй сууж байгаад ийм юм боллоо. Би бол Н.Энхбаяртай жирийн харьцаатай. Телевизээр юу болоод байгааг хараад л, яагаад ийм юм болдог байна. Ерөөсөө газар дээр нь очиж үзье гээд л ирсэн.

 


УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Цагдаа нар гадаад дотоодын олигархуудын гар хөл болжээ

Намайг очиход З гишүүн байсан. Бид дөрөв шөнөжин хамт байсан. Холбогдох өмгөөлөгчид мэдэх байх, үнэхээр зэрлэг балмад юм болсон. Энэ цагдаа нар үнэхээрийн гадаад дотоодын олигархуудын гар хөл болж, яахаас ч буцахгүй болсон юм байна гэдгийг би нүдээрээ харсан. Монгол улс өнөөдөр эдийн засгийн хувьд Орос, Хятад, Америкаас хамааралтай, гадаад өр жилээс жилд огцом нэмэгдэж байгааг ч бодох хэрэгтэй. Хэрэв би очоогүй байсан бол ийм юм болсон гэдэгт итгэхгүй байсан. Намайг шууд дарж аваад хоолой шахсан, ийм л байна шүү дээ.

 

Д.Сэндэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top