Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн хан хуур залсны 20 жилийн ой, “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх” тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд морин хуурчдын улсын уралдаан болох гэж байна. Энэхүү уралдааны зорилго нь Монголын ард түмний үндэсний бахархалт хөгжмийн өв болох ширэн цар хуурын хэв маяг, хөг аялгууг хадгалах , залуу үед өвлүүлэх, хөгжүүлэх, улмаар нийтэд суртчилах, мэргэжлийн сургалттай сургуулиудын сургалтын чанар болон ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгууллагддаг уг уралдаанд мэргэжлийн сургуулиудын болон мэргэжлийн сургалттай сургуулиудын оюутнууд оролцохоос гадна уралдааны программыг бүрэн хангасан, шавь сургалтанд хамрагдсан морин хуур сонирхогчид оролцох боломжтой аж. Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатанд Монгол ардын дуу, Ардын уламжлалт татлагаас болон Э.Чойдогийн “Романс” –ыг тоглоно. Харин хоёрдугаар шатанд уртын дуу М.Дугаржавын “Жавхлант сүрэг”, Ч.Банзрагчийн “Алтан говийн унага”, С.Цоодолын “Хэрлэн баян уул” зэргээс сонгож тоглох бөгөөд П.И.Чайковский “Баркоролла” , Г.Алтанхуягийн “Корцэртино” –г тоглох аж. Уралдааны нээлтийн үйл ажиллагаа 4-р сарын 18-нд 09:00 цагт ХБК-ийн Концертын танхимд болох юм байна.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )