“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК –д холбогдох хэргийн дөрөв дэхь шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

“Дорнод аймгийн Матад сумын говь нутаг нь Дорнод Монголын тал хээрийн бүсэд багтах бөгөөд тэрээр дэлхийд онгон байгалиараа үлдсэн сүүлчийн том хялганат хээр юм” гэж Шинжлэх Ухааны Академи Биологийн Хүрээлэнгийн захирал, академич Ц.Жанчив тодорхойлсон байдаг. Гэтэл дээрхи газар нутагт Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК компани газрын тосны хайгуул,  олборлолт хийж байгаа нэрээр байгаль орчинд нь хор хохирол учруулаад байгаа тухай олон сар жил яригдаж байгаа. Харин Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл, Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөнүүд дэлхийд хосгүй экосистем бүхий Тамсагийн талыг Хятадынхны гараар там болгож дуусгахаас өмнө нь аварч үлдэхээр сэтгэл гарган, шаардлага тавин ажиллаж байна. Гэвч ашиг сонирхолын зөрчилтэй этгээдүүдийн үгсэн хуйвалдаан, мөнгөтэй хөрөнгөтэйг илүү харж хараат бус байдлаа алдсан шүүхийн байгууллага, нөлөөнд орсон орон нутгийн төрийн төлөөлөгч, удирдлагууд, хариуцлага тооцож чадахгүй байгаа эрх бүхий байгууллага, эрүүл мэнд, үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг мөнгөөр солисон төрийн улмаас үүдэж буй хор хохирол их. Тиймээс  Чайна компанийн газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаатай холбогдуулан “Монголын байгаль хамгаалал иргэний хөдөлгөөний эвсэл”-ийн  зүгээс  өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм. Хэвлэлийн хурлын үеэр  “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний олборлосон газрын тосноос Монгол Улсад орсон орлого байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх хэмжээнд хүрэхгүй байгааг онцлон тайлбарласан. Мөн маргааш буюу 2012 оны 04-р сарын 17-нд Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн нэхэмжлэлтэй хариуцагч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийн 4 дэхь шүүх хурал болох гэж байна.

 А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top