2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 16 аймгийн 44 суманд 58 удаагийн ой, хээрийн түймэр гарсан Монгол Улсын нутаг дэвсгэрт хуурайшилт болж байгааг харгалзан түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комисс хуралдан дараах Албан даалгаврыг гаргалаа.
1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт: Гал түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангуулж түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажлуудыг сум, дүүрэг, баг хороо, ард иргэдийн дунд зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилгааг явуулж иргэдийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өөрсдийн амь бие, эд хөрөнгийг хамгаалах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах, ой хээрийн түймэр ихээр гарч байгаа /Хөвсгөл-10, Булган-9, Дорнод-8, Архангай-5, Хэнтий-4, Сэлэнгэ-3, Төв-3 удаагийн түймэр гарсан/ аймгуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалт, хяналтын байнгын цэгийг ажиллуулах, түймэр унтраахад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийг үндэслэн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадыг татан оролцуулах, урамшуулалт болон морин эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хаврын хуурайшилтын улиралд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах зэрэг үйл ажиллагааг “Ойн тухай” хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд хязгаарлах захирамж гарган хэрэгжилтэд хяналт тавьж, ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр гарсан үед хүн хүч, техник хэрэгслийг дайчлан унтраах ажлыг шуурхай оновчтой зохион байгуулах,
2. Улсын онцгой комиссын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад: Ой, хээрийг түймрээс хамгаалах хамгаалалтын шороон болон ойн зурвасыг шинээр бий болгох, хуучныг нь сэргээх, түймрийн аюултай улиралд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт нөөц ашиглах, аялал зугаалгыг хязгаарлах байгаль хамгаалагч нараас тавих хяналт шалгалтыг сайжруулж, эргүүл, хяналтын байршлыг оновчтой болгох, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нөхөрлөлийн гишүүдээр гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааг хийлгэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалтын дархан цаазат газруудын захиргаанаас ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар зохион байгуулж байгаа ажлын үр дүнг нэмэгдүүлэх, Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд түймрийн үед авах анхан шатны мэдлэг олгох чиглэлээр олон нийтэд сургалт, сэрэмжлүүлгийг телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулах, Ой, хээрийн түймэр гарч байгаа шалтгаан нөхцөл, эзэн этгээдийг тухай бүр нь олж тогтоох, хохирлыг барагдуулах ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллах, Хуурайшилт ихэссэн, түймрийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг хариуцсан нутаг дэвсгэртээ тавих хяналтаа сайжруулах, эргүүл шалгалтын ажлаа эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай хяналт шалгалтын цэг ажиллуулах;
3. Улсын онцгой комиссын гишүүн,Батлан хамгаалахын сайдад: Тусгай үүргийн нислэг үйлдэх МИ-171Е нисдэг тэрэгээр шаардлагатай үед хяналтын нислэг үйлдэх болон хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэн очих боломжгүй хөвч, тайгад гарсан ойн түймэрт агаарын хөлгийг ашиглан бие бүрэлдэхүүнийг түймрийн голомтод шуурхай хүргэхэд бэлэн байх,
4. Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын даргад: Гал түймэр гарсан шалтгааныг хуулийн хугацаанд шалган тогтоож, эзэн холбогдогчид хариуцлага хүлээлгэх, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тухай Улсын онцгой комисс болон олон нийтэд тогтмол мэдээлж байх, цаг агаарын хуурайшилт аюултай, нэн аюултай зэрэгт хүрсэн өнөө үед цагдаагийн эргүүл, хяналтын цэгийг ойн газартай хамтран ажиллуулан, ногоон бүсэд зорчих тээврийн хэрэгслийн яндангийн оч хамгаалагчийг шалгах, ногоон бүсэд аялал зугаалга болон бусад үйл ажиллагааг явуулахгүй байхад хяналт тавих, ой хээрийн түймрийн үед эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа буюу хэргийн газар үзлэг хийх, галын нотломж, шинжээчийн дүгнэлт гаргах, мөрдөн шалгах, шалтгаан нөхцөл, эзэн этгээдийг шуурхай тогтоох чиг үүрэг бүхий журмыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
5. Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын даргад: “Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бие бүрэлдэхүүний ой, хээрийн түймрийг унтраах техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 219 дүгээр “Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх материаллаг баазыг бэхжүүлэх зарим хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг шалгаж, түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зэрэг үүргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд өглөө.
Сэтгэгдэл ( 0 )