Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар дагнасан мэргэжилтэнтэй болохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордны хуралдааны "А" танхимд болж 4 асуудал хэлэлцлээ. Тэдгээрийн дундаас гишүүдийн анхаарлыг нэлээд татсан асуудал нь Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал байлаа. Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд танилцуулснаар бол хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн нарийн зохицуулалт шаардлагатай байгаа өнөө үед ХЭҮК-ын хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа хэт хязгаарлагдмал байгаа аж. Тухайлбал, 2007-2010 онд тус Комисст хүүхдийн эрхтэй холбоотой 26 гомдол ирсний ихэнх нь байцаан шийтгэх үйл ажиллагаанд хүүхдийн эрх зөрчигдсөн, эцэг эх нь ял шийтгүүлсний улмаас хүүхэд асран хамгаалагчгүй болсон, хүүхдийн тэтгэлэг, асрамж, үрчлэлттэй холбоотой асуудлууд байжээ. Хүүхэд, эмэгтэйчүүд эрхээ хамгаалах, ялангуяа дарамт, хүчирхийлэлд өртсөн үедээ хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх нь түгээмэл байгаа бөгөөд энэ нь Комиссын зүгээс орон нутагт ажиллах боломж тааруу байгаатай холбоотой гэнэ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top