З.Буяннэмэх гэх монгол залуу алан хядагчийн үйлдлийг зогсоож 216 хүний амь аварсан тухай сайхан мэдээ монголын ард түмнийг баярлуулаад байгаа. Баатарлаг үйлс бүтээсэн тэрээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг нислэг “Cathay pacific” авиа компанийн Тайланд-Хонконг чиглэлийн 712 дугаартай 16:10 цагийнх байсан бөгөөд онгоц буухаас 25 орчим минутын өмнө дээрх үйл явдал болжээ. Хэрэв З.Буяннэмэх дээрх этгээдийн үйлдлийг таслан зогсоогоогүй бол тус онгоц Хонконгийн төв дээр унаж, 216-гаас ч олон хүнд аюул учрах байжээ.З.Буяннэмэх ярихдаа “Тухайн үед гавьяа байгуулж байгаагаа ч мэдээгүй. Өөрийгөө аваръя ч гэж бодоогүй. Ер нь тэнд байсан хүмүүсийг аврах тухай бодол толгойд орж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ямар ч л байсан тэр хүнийг барьж авч, зогсоох ёстой гэсэн зөнгөөрөө л очсон” гэжээ. Дашрамд сонирхуулахад З.Буяннэмэх улсын харцага Д.Ганхуягтай олон жил найзлаж байгаа бөгөөд харцгын зааж өгсөн мэхийг ашиглан 40 орчим настай, 180 см өндөртэй Филиппин эрийг унгааж чадсан байна.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )