УИХ-ын гишүүн дөнгөж сая мэдэгдэл гаргалаа. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
АН, МАН-ын олигархиудын Монголын ард түмний эсрэг эдийн засгийн терроризмыг таслан зогсооё!
Эдийн засгийн терроризм “Economic terrorism”, эдийн засгийн дайн “Economic warfare” болон капиталист терроризм “Capitalist terrorism” гэдэг олон улсын хэллэг нь тухайн улс орны ард түмнийг устгах зорилготой эдийн засгийн арга барилыг хэлдэг. Өнөөдөр Монголын ард түмнийг гутамшигтайгаар устгах эдийн засгийн терроризм эргэлт буцалтгүй Монгол оронд нүүрэлчихээд байгааг Монголын ард түмэн ухаарч, эх орноо аврах ариун үйлсийг эхлүүлэх цаг нэгэнт болсныг Монгол хүн бүр өөрийн биеэр мэдэрч байна.
Монгол улс Зөвлөлт Холбоот улсад тавьсан 10 тэрбум шилжих рубльтай тэнцэх өрөөр орчин үеийн аж үйлдвэржсэн Монгол орныг бүтээн байгуулсан билээ. Үүнд: Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хот, Чойбалсан хот, Бор Өндөр, үйлдвэр комбинат, иж бүрэн цахилгаан, дулааны станц, их дээд сургууль, коллеж, бага дунд сургууль, цэцэрлэг Монгол улсын эрдэм шинжилгээний иж бүрэн дэд бүтэц, сангийн аж ахуй, ХАА-н нэгдлээс гадна орчин үеийн шинжлэх ухааныг эзэмшиж, мэдлэг боловсролтой Монгол хүнийг бүтээсэн юм.
Өнөөдөр Монголын ард түмний банк болох Монгол Улсын Төв Банк олон нийтэд нээлттэйгээр Монгол улсын гадаад өрийг мэдээлсэн. Монголын ард түмний нийт гадаад өр 2011 оны байдлаар 9,6 тэрбум ам долларт хүрсэн байна. Үүний дотор 7,5 тэрбум долларын өрийг стандарт бус засгийн газар гэж гайхуулж байсан хамтарсан засгийн газар 2008 оноос хойш Монголын ард түмнийг хуурч, төөрөгдүүлэн тавьсан байна. Монголын ард түмнийг мэхлэн 4-хөн жилд авсан 7,5 тэрбум долларын гадаад өрийн дийлэнх хувийг АН, МАН-ын олигархиудын компаниуд Монголын ард түмнийг барьцаалж үе үеийн Монголчуудын эсрэг эдийн засгийн терроризм үйлдсэн байна.
АН, МАН-ын эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийн тавьсан өрийг Монголын ард түмэн нуруундаа үүрэх ёсгүй. Яагаад Монгол улс ийм их гадаад өрөнд унаж, эдийн засгийн терроризмд өртчихөөд байгаа юм бэ? Ийм том хэмжээний луйвар явагдаж байхад Монголын ард түмний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тагнуулын төв газар, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн байгууллага, авилгатай тэмцэх газар, Монгол улсын шүүх, прокурорын газар юу хийж байсан бэ? Ийм том гэмт хэрэг болоод байхад таслан зогсоохгүй байгаа нь эдгээр байгууллагад ажиллаж буй удирдлагууд АН, МАН-ын төрийн нэр барьсан луйварчдыг хамгаалж, өмгөөлдөг байгууллага болоод хувирчихсан юм биш үү!
Миний бие УИХ-ын гишүүний хувьд Төв банкнаас хэн гэдэг эзэнтэй, ямар компаниуд хэний баталгаагаар ийм өр тавьсныг удаа дараа асууж тодруулсан боловч хариу өгөхгүй нуун дарагдуулсаар байна. Төв банк бол хувийн банк биш, Монголын ард түмний банк тэгээд ард түмнээсээ юу нуугаад байгаа юм бэ?
Монгол улсын байгалийн баялаг, Монголын ард түмний халдашгүй бүрэн эрхт багтдаг гэж 1961 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын тогтоолоор баталсан. Үүний хүрээнд Монгол улсын үндсэн хуульд ч газрын хэвлий дэх байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан байдаг юм.
Гэтэл өнөөдөр Монгол улсын байгалийн баялгийг АН, МАН-ын улс төр-бизнесийн бүлэглэлүүд гадаадын эдийн засгийн алуурчидтай хамтран цөлмөн дээрэмдэж байна. 2008 оноос 2012 онд АН, МАН-ын байгуулсан стандарт бус засгийн газраас удаа дараа стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож хэрэгжүүлье гэсэн боловч огт хэрэгжүүлээгүй.
Өнөөдөр Монгол улс дэлхийд ардчилалын индексээрээ 69-р байранд, Авилгалын индексээрээ 124-р байранд орж нийт хүн амынх нь 50% ядуу гэх ангилалд багтан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, шударга ёс бүр мөсөн устсан орон болон хувирлаа. Ийм эх орныг Монголын ард түмэн огтхон ч хүсээгүй ба эрх баригчдын бузар үйлдэл эх орныг минь улам ихээр сүйрүүлсээр байна. Монголын нийт иргэд эдийн засгийн терроризм, улс төрийн шударга бус байдлыг устгахын төлөө тэмцэх хэрэгтэй.
Сайн дурын төрийн бус байгууллага болох АН, МАН-ын гэмт хэргийг таслан зогсоохын тулд АН, МАН-ын олигархиудыг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Иймээс Монголын ард түмэн мөн АН, МАН-ын шударга гишүүд эх орноо аврахын тулд хүчээ нэгтгэн 2012 оны сонгуулиас өмнө сайн дурын төрийн бус байгууллага болох намуудыг бүгдийг нь татан буулгаж улс төр, эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсоох ёстой ба Монгол орныг хөгжил дэвшилд хүргэхийн тулд “Үндэстний зөвшилцөл”-ийг яаралтай эхлүүлэхийг нийт Монголын ард түмэн хүчээ нэгтгэхийг уриалж байна.
Монголын ард түмний эрх ашгийн төлөө, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө, Монгол улс орноо аврахын тулд Монгол улсын их хурлын гишүүн миний бие ямар ч хүчирхийлэл, сүрдүүлгээс айхгүй гэдгээ мэдэгдэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ШИНЭБАЯР
Сэтгэгдэл ( 0 )