Цаг агаарын байдал өнгөрсөн өдрүүдэд эрс муудаж, цасан болон шороон шуурга шуурсан. Тэгвэл энэ сарын 18-нд Дундговь аймгийн төв буюу Мандалговьд мөндөр оржээ.
Энэ талаар тус аймгийн Ус, цаг уур шинжилгээний албаны инженер Е.Азжаргалаас тодруулахад “Өнгөрсөн лхагва гаригийн 18.21-18.27 цагийн хооронд аймгийн төвд мөндөр орсон. Зургаан минут үргэлжилсэн мөндөр хэмжээгээрээ 10 мм-ийн голчтой байсан. Үүнийг дундаж хэмжээ гэж үзэж болно.
Мөндөр зогссоны дараа бороо нэлээд орсон” гэв. Эрчимтэй хүйтэн бороо ороход гол төлөв мөндөр буудаг бөгөөд энэ үеэр дуу цахилгаан ч мэдэгдсэн гэнэ. Цаг агаар өнөөдрөөс дахин муудаж, баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурга тавина. Мөн энэ сарын 22, 23-нд баруун болон төвийн нутгаар нойтон цас орж, говийн нутгаар шуургатай байхыг Ус, цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторийн эрхлэгч Ж.Цогт хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )