Зэрлэг гахай хууль бусаар агнасныг илрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21

Хууль бус агнуур, байгаль орчны ноцтой зөрчилтэй тэмцэх "Ирвэс-3" шуурхай баг энэ сарын 13-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Баруун хаяанд зэгсний гахай агнасан байна гэсэн дуудлага авчээ. Шөнийн 20 цагт Ховд аймгаас гарч Зэрэг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахмад Отгонжаргалын хамт хэрэг гарсан айлын ойролцоо очиж хяналтандаа авсан байна.

 Тус сумын Бургасан багийн иргэн Б.Ганхүү гэгч зэрлэг гахай агнаж, бүтнээр нь хөлдөөж амбаартаа нуусан байсныг илрүүлж эд мөрийн баримт болгон хураан авч, хэргийн газар үзлэг хийж эрүүгийн хуулийн 203-ын 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгав. Түүний гахай агнахдаа ашигласан ЛОСЬ маркийн бууг хураан авчээ.

 Хар-Ус нуур, Зэрэг сумын Холбоо цагаан нуурын зэгсэнд цөөн байдаг зэгсний гахайг хууль бусаар агнасан 13 дахь хэргийг "Ирвэс-3 "баг илрүүлсэн байна. Зэгсний гахайг хууль бусаар агнасан тохиолдолд МУ-ын Засгийн газрын 2011 оны 1-р сарын 25-ны өдрийн 23-р тогтоолд заасан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр 5.800.000 төгрөгний нөхөн төлбөр төлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top