Гэрээгээ хуульд нийцүүлтэл О.Баасанхүүг Н.Энхбаярын хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах боломжгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 23


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгийн хүсэлтэд хариу өгчээ. Д.Цоодолсэнгээ “Эрүүгийн дугаар хэрэгт сэжигтнээр шалгуулж буй Н.Энхбаяртай 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд таны байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээтэй холбогдуулан гаргасан хүсэлттэй танилцлаа. Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний дөрөвдүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт “Зөвхөн хууль тогтоомжийн мэдээллээр үйлчлэх ба АТГ-ын шалгаж буй Ажлын хэсгийн байцаалтын үед үйлчлүүлэгч өөрөө өөрийгөө өмгөөлөхөд хууль зүйн туслалцаа үзүүлэн, байлцсан асуудлаараа үйлчлүүлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд гарын үсэг зурахг үй байж, зөвхөн хүний эрхийг зөрчиж буй эсэхийг хянах байдлаар мөрдөн байцаалтад оролцох үүрэгтэй гэсэн заалт нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлд заасан “Тэмдэглэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, байцаалтад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурна” гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн өмгөөлөгч нь Өмгөөлөгчийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасны дагуу “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох” тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээрт заасан эрх үүрэгтэйгээр оролцох шаардлагатай тул энэхүү гэрээгээ Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн шинэчилж, хуулийн хүрээнд ажиллах боломжоо бүрдүүлэх хүртэл таныг сэжигтэн Н.Энхбаяраас байцаалт авах, түүний хүсэлтээр тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах оролцуулах боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top