Импортын мэдэгдэлгүй орж ирсэн 14 толгой минж саатуулагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

  

ХБНГУ-аас 14 толгой минж энэ сарын 16-ны өдөр тээвэрлэгдэн ирснийг Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас саатуулан шалгалт хийжээ. Нийслэлийн байгаль хамгаалах газар, “Туул голд минж нутагшуулах төсөл” ХБНГУ-ын Бавар мужийн Минжийн менежментийн газартай байгуулсан гэрээний дагуу ОМ-136 дугаарын нислэгээр “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчин ХБНГУ-аас импортын мэдэгдэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн үед ХБНГУ-ын мал эмнэлгийн байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээ, тээвэрлэлтийн баримт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон Монгол Улсад оруулж ирэхийг зөвшөөрч энэ тухай экспортлогч талд хүргүүлсэн албан тоот, Герман улсаас Монгол Улс руу илгээх тухай “Туул голд минж нутагшуулах төсөл”-д илгээсэн захидал зэрэг холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн боловч МХЕГ-аас импортын мэдэгдэл аваагүй байжээ.

Баримт бичгийг хянаж үзээд “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10.1.2 дахь хэсгийн “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдлийг тогтоолгосон байна” гэсэн заалт, уг хуулийн 23 дугаар зүйлийн “Импортын мэдэгдэл” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-ын 7.3 дахь заалтын дагуу Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Баярбат “Бодис, бараа, бүтээгдэхүүнийг саатуулах, хураах, устгах тухай” журмын дагуу актыг үйлдэн түр хугацаанд саатуулах арга хэмжээ авсан талаар мэдээллээ.

Минжийг саатуулах хугацаанд Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр тусгай ажлын хэсэг томилогдож 2012 оны 4 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд минжний ялгадас, хамрын салст, нүдний нуухаас арчдас болон цусны дээжийг авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт шинжлүүлсэн байна.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2012 оны 4 сарын 18-ний өдрийн минжний дээжинд хийсэн шинжилгээгээр гудрага, туулайн вирусын цусан халдвар, эхинококкийн өндөг, авгалдай илрээгүй, эрүүл дүн гарсан тул улс хоорондын харилцааг хүндэтгэн үзээд улсын хилээр нэг удаа нэвтрүүлэхийг зөвшөөрч “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29.1.3, 29.2, “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 5.3, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4.5.13 дахь заалтыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” гаргасан захирамжийн дагуу хорио цээрийг хуулийн хугацаанд үргэлжлүүлэн тавьж дахин нарийвчилсан шинжилгээнд хамруулан ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

ХБНГУ-аас 14 толгой минж импортлохдоо “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн хоёрдугаар бүлгийн 10 дугаар зүйлийн “Амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг импортлоход тавих шаардлага”-ын 10.1.2 дахь хэсгийн “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдлийг тогтоолгосон байна” гэсэн заалт, 23 дугаар зүйлийн “Импортын мэдэгдэл” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн тул уг хуулийн 32.1.3 дахь хэсгийг үндэслэн “Туул голын сав газарт минж нутагшуулах төсөл”-ийн багийн удирдлагад хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулав.

Улаанбаатар хотын Туул голын эко системийг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд “Туул голын сав газарт минж нутагшуулах төсөл” нь ХБНГУ болон ОХУ-аас дахин минж импортлохдоо МХЕГ-т хандан зохих хууль журмын дагуу зөвшөөрөгдөх эрсдлийг урьдчилан тогтоолгон, импортын мэдэгдэл авч улсын хил нэвтрүүлж байхыг төслийн багт үүрэг болгож улсын байцаагчийн албан шаардлагыг өгчээ.

            Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтийг хангуулах, хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, хүнсний болон орчны аюулгүй байдалд тавих хяналтыг чангатгах, хүний хөл хориот, мал, амьтны гоц халдварт өвчин, хөнөөлт шавьж, амьтан, ургамал улсын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах талаар улс орон, бүс нутаг, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хяналт шалгалтын бодлого чиглэгдэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 онд Хүнсний аюулгүй байдал, улсын хилээр нэвтрэх бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-аар гадаад худалдаа эрхлэгчид экспорт, импортын өмнөх хяналт, баталгаажуулалтад хуулийн дагуу заавал хамрагдаж, загвар дээжийг шинжилгээнд хамруулж, эрсдлийн үнэлгээ хийлгэж, импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээг авснаар тухайн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх эрх нээгдэнэ.

Гэвч гадаад худалдаа эрхлэгчид улсын хилээр хууль зөрчин экспорт, импортын өмнөх хяналт, баталгаажуулалт хийлгэлгүй, импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ авалгүйгээр бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх зөрчил удаа дараа илэрч байна.

Иймд улсын хилээр бүтээгдэхүүн нэвтрүүлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хууль, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг уриалж байна.

А.Төмөрсүх

ZINDAA.MN

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top