Н.Энхбаярын баривчлагааны эгэл биш дүр төрхүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

     2012 оны 04 сарын 13-ны “хар” Баасан /13-н тоотой Баасан учраас/ гаригийн өглөө эрт үүрээр экс ерөнхийлөгч Энхбаярыг АТГ-ынхан цагдаа хүчний байгууллагын сүр хүчийг гайхуулан “ялаанд хутга” гэгчээр бөөн  дуулиантай баривчилсан нь хүмүүсийн сэрэл мэдрэхүйд янз бүрийн байдлаар тусгагдсан байна. Эдгээрийн заримаас дурдвал:

Холливудын адал явдалт киноны хэсэг мэт

      Хэдэн зуун цагдаа баахан машинаар цуварч ирэн үсэрч буугаад л, бөөн police гэсэн бамбайгаа барьж жагсаад л, алх сүхээр зэвсэглэсэн хүмүүс хаалгыг нь хэмх цохиж ороод л... Бичигч бээр миний бие ч бас кино үзэж буй мэт  хараад л,  тэнд байж байгаад хэлмэгдсэн УИХ-н эрхэм гишүүдийн нэгэнд бас тэгж санагдсан хэмээн сэтгүүлчдэд ярьж байналээ

Өрөвдмөөр ч юм шиг

       Нэгэн жижиг байран дотор хижээл голдуу хэдэн номын хүн бөөвийгөөд суучихсан, гадуур нь хар мянган цагдаа бужигнан, спорт маркийн хувцастай бакь бакь залуучууд хаалгыг нь эвдэж орон, хамаг юмыг нь ундуй сундуй болгон, гутлыг нь ч өмсгөлгүй хөл нүцгэн дамжлаад явчихсан процесс  хэзээнээсээ дээрэлхүү нэгэнд дургүй, дийлдсэн нэгнийг  өрөвдөн тусалдаг монголчуудын ориг занг  хөдөлгөн,  энэ нь TV9 телевизийн сурвалжлагч гудамж талбайгаар явж байгаа хүмүүсээс сэтгэгдлийг нь асуухад  илт мэдрэгдэж байлаа.

Зүүд ч юм уу гэлтэй

     Ид хүмүүсийн унтдаг цагаар баривчилсан болоод ч тэр үү, зарим нойрондоо харам сэрж чаддаггүй нөхдүүд зүүд гэж бодсон ч байж болох, уг баривчилгаа нь өөрөө зүүд мэт сонин логиктой. Манай нэг сайн банжигчин Arolob блогтоо өгүүлрүүн: “ 4-р сарын 12-ны шөнө би ёстой сонин зүүд зүүдэллээ. Хав харанхуйд тас хар хувцастай, хар баг зүүсэн Мандухай цэцэн хатан дээр л гардаг шиг олон хүмүүс экс Ерөнхийлөгчийг барих гээд байшинг нь бүслээд л, ийш тийшээгээ хулгайгаар хараад л бөөн юм болж байна аа. Тэд нар цагдаагийнхан, тусгайгийнхан, эсвэл Авилгатай тэмцэх газрынхан ч юм уу яг аль нь гэдэг нь сайн мэдэгдэхгүй юм. Зүүд болохоор аргагүй л дээ.... Нэг харсан чинь нөгөөдүүл чинь орох ёстой айлдаа орчихжээ. Оронгуутаа байлдаантай кинон дээр гардаг “Гараа өргө” гэдэг үгийг хэлж сүр үзүүлмээр санагдаснаа үг нэмээд “Гараа толгойдоо аваад хэвт” гээд хэлж үзэхгүй юу. Их таалагдаж байгаа бололтой, ахиад л давтаад хэлээд байхын. Тэгснээ нойроо харамламаар санагдсан юм байлгүй, зүв зүгээр байсан тавилга, савнуудыг чинь нүдээд л, ийш тийш нь шидлээд л бөөн сүр. Зүүд биш байсан бол тусгай тасгийн залуучууд шигшээ багийнхан шиг хувцаслахгүй байх байсан байлгүй дээ.... Ингээд баахан бужигнаж байснаа нөгөө бэлтгэлийн хувцастангууд чинь Ерөнхийлөгчийг Богд хаан шиг эвтэйхэн гэгч нь толгой дээрээ залж явсаар машин руу орууллаа. Хоёр хөл нь гозойгоод гутлаа ч өмсөөгүй харагдана. Зүүд биш байсан бол тэр хүнийг сэжигтэн шиг гутлыг нь өмсүүлээд хөлөөр нь алхуулж, өөрөө алхахгүй бол баривчилж байгаа хүмүүс нь 2 суганаас нь чирээд явах байсан байлгүй дээ.  Зүүд гэж ёстой тэнэг юм аа. Ямар ч логикгүй...”

Алиа, марзан сценаритай хошин шогийн үзэгдэл мэт

      Ямарваа юмыг шоолох, шоглох авьяас нь хөгжсөн гарууд бол харж байгаад өлхөөн нэг бэлэн сэдэв гаргаад ирж болохоор тийм л хөгийн процесс явагдсан. Одоо мөдхөн аль нэг продакшн тоглолт хийгээд эхлэх байлгүй.  Ямартаа ч манай нэрт фельеотонч Б. Цэнддоо энэхүү баривчилгааг үзсэн харсан хүмүүст зориулж нэг хөөрхөн сонжоо зохиосноос хэсэгчлэн сонирхуулбал:

2. Энхбаяр баригдахдаа яагаад хөлөө гозойлгов?

А. Оймсны компаниас сурталчилгааны мөнгө авсан

Б. Хөлийнхөө хуруугаар салаавч хийж чаддагаа харуулахаар

Г. Энхбаярыг зугтааж магадгүй гэж үзээд бүх гутлыг нь хураасан учраас

Д. Тэр угаасаа саналаа өгөхдөө гараа биш хөлөө өргөдөг байсныг нь манайхан сая мэдэж байгаа.

Е. Харааны хуурамч үзэгдэл. Бид гарыг нь хөл гэж харсан.

9. Шинэбаяр гишүүн яагаад цагдаад салаавч үзүүлэв?

А. Гишүүн хоолой нь гарахаа байсан учраас баруун гараа салаавчилсан, зүүн гараа эрхийг нь гозойлгосон байдлаар гацаагаад явдаг болсон ба чуулган дээр “за”, “үгүй” гэсэн саналаа түүгээрээ илэрхийлдэг болсон.

Б. Өмнө нь бусдад үзүүлж байсан салаавчаа тайлахаа мартсан

Г. Эхээс төрөхдөө нэг гар нь салаавчтай байсан. Тэрийгээ нууж явсан боловч сая сэтгэл нь хөдлөөд гаргаад ирсэн.

11. Тэрбишдагва гишүүний  шанаа хөхөрсөн нь ямар учиртай вэ?

А. Анх төрөхөд хонгонд нь байсан толбо шанаа руу  нь нүүсэн

Б. Тэр угаасаа хөх төрсөн. Шанаанаас бусад газар нь хэвийн болоод байсан.

Г. Цохилтоос үүссэн нь нотлогдсон боловч  үлдсэн хурууны хээ өөрийнхтэй нь таараад болохгүй байгаа.

Д. Цагдаад зодуулсан. Гэхдээ нэрнээс нь болсон. Нэг айхавтар нөхөр хөндөлсөөд “Би халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүн” гэж хэлсэн. Тэгээд Энхбаяраас “Энэ үнэн үү” гэж асуусан. Гэтэл цаадах нь “Тэрбишдагва шүү дээ” гэсэн. Тусгайнхан үүнийг “Тэр нөхөр гишүүн биш. Харин Дагва гэдэг өөр гишүүн энд байгаа юм байна” гэж ухаараад зодоод хаясан.

    Энэ мэтээр нийгэм маань энэхүү процессийг маш олон өнцгөөс харж, хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа нь лавтай.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top