Германы цэргийн албан хаагчид Монгол цэргийн медалиар шагнууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27


 

 

Афганистанд үүрэг гүйцэтгэх манай цэргийн албан хаагчдад мэргэжлийн сургалт явуулсан ХБНГУ-ын цэргийн сургагч багш нарт шагнал гардуулах ёслол өнөөдөр БХЯ-нд боллоо. Шагнуулсан сургагч багш нар нь цэргийн техник, хэрэгслийн хамт манай улсад нэг сар ажилласан юм.

Тодруулбал цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг өндөр түвшинд явуулан, монгол офицер, ахлагч нарт цэргийн мэргэжлийн ур чадвараа эзэмшүүлсэн Германы цэргийн 20-иод албан хаагчдыг Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шагналаар шагнасан.  Тэд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын тушаалаар Монголын офицер, ахлагч нарт олгодог хүндтэй шагнал болох “Дайчин алдар” медаль, “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр энгэрээ мялаан баяртай буцаж байна.

Энэ үеэр Германы сургагч багш нараас цөөн зүйл тодрууллаа.

Уулын явган цэргийн 233 дугаар ангийн штабын дарга, хошууч Райхенг Гаррет:  Монгол цэргүүдээс сурах юм их байна


- Монгол цэргүүдийн ур чадварын хэр байна вэ?

- Монгол цэргүүд маш сайн, хүчин чармайлт гаргаж сурж байгаа. Сайн цэргүүд гэдгийг баттай хэлэх байна. Удахгүй Афганистанд алба хаах цэргүүд өмнө нь алба хаасан цэргүүд шиг үүргээ амжилттай сайн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

- Сургалтын явцад харилцан нэгнээсээ суралцах зүйл юу байв?

- Манайхан Монгол цэргээс сурах зүйл их байсан. Тухайлбал цас шуурга гээд цаг агаарын хүнд нөхцөлд  Монгол цэргүүд байнга бэлэн байдаг. Энэ чадвар нь сайхан санагдсан.  

 

Уулын явган цэргийн 233 дугаар ангийн штабын тэргүүн ахлагч, Ротын ахлагч Ладенбургер Диттер: Хэрвээ Монголд дахин үүрэг гүйцэтгэх боломж олдвол шууд ирнэ

- Монголын цаг агаар хэцүү байв уу?

- Монголын цаг агаар, тэр тусмаа хаврын уур амьсгал маш хувьсамтгай гэдгийг мэдэрлээ. Өнгөрсөн бүтэн сайнд л гэхэд +22 градус байж байгаад маргааш нь -4 градус хүртэл буурч биднийг гайхуулсан.  Бас цэв цэнхэр байсан цэлмэг тэнгэр цагийн дотор бүрхэж цас орсон. Энэ мэтээр цаг агаарийн сонин үзэгдэл их үзлээ.

- Монгол цэргүүдийн талаар...

- Монголын цэргийн албан хаагчид сурахын төлөө хичээдэг, байнга бэлэн байдаг, аливаа үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдаг.  Дайчин эрс.

- Монголд нэг сар боллоо. Монголын талаарх бодол?

- Ямар ч байсан үнэхээр том, цэлгэр сайхан газар нутагтай юм. Ой мод бага үзлээ. Монгол хүмүүсийн хувьд үнэхээр найрсаг, туслахад бэлэн, зочломтгой, хүнийг байгаагаараа дайлах дуртай улс юм.  Хэрвээ Монголд дахин үүрэг гүйцэтгэх боломж олдвол шууд ирнэ.

  Германы дайчдад шагнал гардуулах ёслолд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Шаллер, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар оролцов. Дашрамд дурдахад Элчин сайд П.Шаллер өмнө нь дэлхийн халуун цэг Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.

Афганистанд үүрэг гүйцэтгэх манай Цэргийн багийн ажиллагааны өмнөх энэхүү сургалтыг явуулахад ХБНГУ-ын талаас дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байсан туршлага дадлагатай Уулын явган цэргийн 233 дугаар батальоны шилдэг сургагч багш нараа цэргийн техник, хэрэгслийн хамт илгээн Монголд ирүүлж 1 сарын хугацаатай сургалт явуулсан. Сургалт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон байна.

Дашрамд дурдахад Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багууд 2009 оноос эхлэн Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүчин”-ий бүрэлдэхүүнд оролцон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран  үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

 А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top