НҮБ-ын Номын булан шинэчлэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

НҮБ –ын төрөлжсөн байгууллагууд болох Хүн Амын Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хүүхдийн Сан, Дэлхийн Банкнаас гаргаж буй ном товхимол, сонин сэтгүүл, судалгааны ном, тайлан мэдээллүүдийг хүргэх зорилготой НҮБ – ын “Номын булан” шинэчлэгдлээ. Анх 2010 оны 6-р сарын 15-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд нээлтээ хийж, албан ёсоор байгуулагдаж байсан билээ. Энэхүү үйл ажиллагааг анх НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө НҮБ-ын “Номын булан” нь Улаанбаатар хотын нийт 4 Их дээд сургууль болон “Улсын төв номын сан”, Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд байрлаж байна.

Энэ удаагийн “Номын булан” -гийнхаа шинэчлэлтээр СЭЗДС болон ХУИС дээр тус тус шинээр салбар булангаа нээж байгаа бөгөөд НҮБ –ын агентлагуудаас 2011 оны 03 сараас хойш шинээр хэвлэгдэн гарсан судалгааны материал ном товхимол, сэтгүүлүүдээс бүрдсэн нийт 61 төрлийн 465 ширхэг ном товхимолыг дээрхий 6 газарт хуваан байршуулж байна.

Тус номын буланд судлаач оюутан залууст хэрэгтэй, тэр болгон авч чаддаггүй, олон төрлийн мэдээлэл, судалгааны материалууд байдгаараа ач тустай юм. Залуучууд та бүхнийг эдгээр номын сангуудаар өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байлаа.

А.Төмөр

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top