Манай улс 2013 он хүртэл Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргална

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Өнөөдөр Гадаад харилцааны яамны сайд Г.Занданшатар болон ГХЯ-ны Олон Нийттэй Харилцах албаны дарга Б.Дорж, ГХЯ-ны  тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд С.Бадрал нар сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай орон даргалж байгаа талаар мэдээллээ.

Монгол улс 2011-2013 онд ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх албыг өнгөрсөн онд Бүгд найрамдах Литва улсаас хүлээж авч үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өдгөө дэлхийн 140 шахам орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг тэргүүлж байгаа нь Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахаар чармайж ажилж байгаа гэдгээ сайд Г.Занданшатар хэлэв.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн талаар уншигчиддаа дуулгахад тус нийгэмлэг нь ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар: Ирэх долдугаар сард Эмэгтэйчүүд,жендерийн асуудлаар олон улсын форум зохион байгуулна. Тус форумд дэлхийн бүх шилдэг эмэгтэйчүүд урилгаар ирж оролцоно гэдгийг мэдэгдлээ. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 7-р их хурлыг 2013 онд манай улс зохион явуулахаар болсныг мэдэгдсэн.

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа энэ хугацаанд НҮБ ирүүлсэн илгээлтдээ Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа нь монголын ардчиллын ололт амжилтын нотолгоо гэдгийг онцлон тэмдэглэсэн байсныг дурдлаа.

А.Төмөрсүх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top