Сонирхлын зөрчлийн хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэсэн нэг сонин нэртэй хууль дөрөвхөн хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас хоёр журам баталжээ. Нийтийн албан тушаалтан гэдэгт төрийн тусгай, төрийн захиргааны болон улс төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд бүгд  хамаарах бөгөөд  төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд, төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж улсын төсвөөс санхүүждэг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд хуулийн үйлчлэлд хамаарах юм байна. Энэ хуулийн зорилго нь нийтийн албанд ажиллаж байгаа хүн нийтийн үйлчилгээг эрхлэхдээ хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан үйлдэл гаргуулахгүй байх явдал юм.Энэ хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулж хөрөнгө орлогын мэдүүлэг, маягт шинэчлэгдэж байна. Үүнд хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг жил бүр өгдөг болох юм байна.

      Хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан албан үүрэгтэйгээ холбоотой ямар ч бэлэг авах ёсгүй. Хэрэв авсан бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж заажээ. Харин хувийн журмаар ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө албан үүрэгтэй холбогдолгүй бэлэг авсан тохиолдолд хэрэв зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнэтэй бэлгийг төрийн өмчид шилжүүлэх ёстой юм байна.  Иймээс ах дүү, амраг садангаасаа байр, машин бэлгэнд авах талаар санасны ч гарз болох нь байна шүү, нийтийн албан хаагчид аа.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top