Засаг дарга иргэдийнхээ дунд өнжлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30


 

Цаг зав муутай иргэд төр захиргааны байгууллагаар эргэлдэж хувийн ажлаа амжуулах боломж тэр бүр олдоод байдаггүй. Иргэдэд бичиг баримтаа цэгцлэх, даатгалд хамрагдах, гэрлэлтээ батлуулах, шинэ төрсөн хүүхдийн гэрчилгээ авах, хуулийн зөвөлгөө авахаас эхлүүлээд ажил мундахгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 14 хоног тутам  “Дүүргийн Засаг даргын өдөр” болгон зарлаж иргэдийхээ дунд бүтэн өдрийг өнгөрүүлж байхаар болжээ. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэх, Засаг даргын тамгын газрын хэлтэс албадын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хороодын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дүүрэг хороодын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөхөд энэ өдөрлөгийн гол зорилго оршиж байгаа юм. Дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харъяа хэлтэс албадууд бүрэн бүрлэдэхүүнээрээ нэг үгээр хэлвэл хөдөлгөөнт офис хэлбэрээр хороо бүр дээр ажиллах юм.

Өнөөдөр 21, 27 дугаар хороодын иргэдийн дунд уг өдөрлөгийг зохион байгууллаа. Засаг дарга Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэж  давхардсан тоогоор 2350 иргэн иргэдийг хүлээн авч  төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. Дүүргийн Засаг дарга 56 иргэнтэй биечлэн уулзаж, газрын алба 123 иргэний газар хүссэн өргөдөл хүлээн авч, эрүүл мэндийн нэгдлээс нийт 34 эмч ажилчид 1227 иргэнд үзлэг хийж, нийгмийн даатгалын хэлтэс нийт 130 иргэн хүлээн авснаас өндөр насны, тэтгэвэрийн даатгал, нийгмийн даатгалын хуулийн талаар зөвөлгөө өгч 25 иргэний эрүүл мэндийн даатгалын сунгалт бөглөж, Хүний хөгжлийн сангаас 80 иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бичиж өгсөн байна. Бүртгэл мэдээллийн тасаг нийт 153 иргэнд иргэнд үнэмлэх авах материал авч, шинэ төрсөн 7 хүүхдийн төрсний гэрчилгээг гардуулан өглөө. Хөдөлмөр эрхлэлтийн алба 75 иргэнийг ажилд зуучилжээ.

Уулзалт өдөрлөгийг дүүргийн Засаг дарга Б.Батзориг нээж Хөрөнгө оруулалт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн  хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцуулсан юм. Тус дүүрэгт энэ онд 79,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс гадна иргэдийн оролцоонд тулгуурлан тэдний нийгмийн асуудлыг түлхүү шийдвэрлэхэд онцгойлон анхаарах юм. Баянзүрх дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал  хүүхэд залуучуудын чөлөөт  цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж 5000 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай, усан спорт сургалтын төв, 150 хүний ортой төрөх эмнэлэг зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.
Нээлтийн ёслолын ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Б.Батзориг хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж 100 хүүхдийн ортой  8 шинэ цэцэрлэг, 50-75 хүүхдийн ортой дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл, зургаан  сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулж  хүүхдүүддээ бэлэг барьсан бол энэ жил 640 хүүхдийн суудалтай хоёр шинэ сургуулийн барилга, хоёр сургуулийн өргөтгөл , 500 хүний суудалтай соёлын төв мөн иргэдийн саналыг авч хороодод бичил цэцэрлэг, гудамжны тохижилтуудыг хийнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний дагуу төв замыг шинэчлэнэ гээд иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаагаа тухайгаа онцолсон юм. Мөн иргэдийг эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөлийг хангаж өнгөрсөн онд 43 аж ахуйн нэгжид 2 тэрбум 302 сая төгрөгийн зээл олгосон. Шинээр 10800 иргэнийг байнгын ажлын байраар хангасан байна.
Засаг даргын санаачилгаар "Архигүй дүүрэг аян" энэ онд ч мөн үргэлжлэнэ. Түүнчлэн хоггүй дүүрэг болох зорилтын хүрээнд цагаан даваанд хог ангилан ялгах цэгийг Япон улсын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа аж. Иргэдээ ажилтай орлоготой болгож нийгмийн асуудлыг шийдэхэд  онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм байна.

Баянзүрх дүүрэг Нийслэлд хүн ам газар нутгийн хэмжээгээ тэргүүлдэг дүүргийн хувьд хийж бүтээж байгаа ажил үйлсээрээ ч тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ ажил хэрэг болгож эхэлсэн нь энэхүү өдөрлөгийн арга хэмжээнээс тод харагдаж байсан юм. Өдөрлөгийн үеэр дүүргийн харъяа хэлтэс албадууд тус тусын үйл ажиллагаагаа танилцуулсан самбар тараах материал гарын авлага бэлтгэн тарааж чиглэл чиглэлээр иргэдтэйгээ уулзаж зөвлөгөө өгч байлаа. Иргэдийн хөл дарагдаж нэлээн ачаалалтай ажилласан хэлтсүүдээс газрын алба, Иргэний бүртгэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, эрүүл мэндийн нэгдэл байлаа. Иргэдийн гол асууж сонирхож байсан зүйлс гэвэл газар өмчлөлийн асуудал, хаясан гээсэн бичиг баримтаа дахин авахад бүрдүүлэх материал, мөн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд төрөөс үзүүлж байгаа тусламж дэмжлэг, жижиг дунд бизнес эрхлэхийг хүссэн иргэдэд олгох зээл тусламжын талаар ихэд сонирож байсан юм.

Иргэд тэр бүр дүүрэг дээрээ ирж төрийн үйлчилгээг хүртэх боломж хомс байдаг. Харин энэхүү өдөрлөг иргэддээ хүрч ажиллах ийн сэтгэлд хүрсэн сайхан  арга боллоо гэж дүгнэж дүүргийн Засаг даргадаа ам сайтай байлаа.

“Өнөөдөр таныг сонсож- танд үйлчилнэ” уриатай энэхүү өдөрлөгийн үеэр тайзан дээр хэлтэсүүд өөрийн үйл ажиллагааг танилцуулан хөгжөөнт тоглоом тоглуулан урлагийн тоглолт үзэж сонирхож бүтэн нэг өдрийг дүүргийнхээ удирдлагуудтай жаргал зовлонгоо хуваалцан, асуудлаа шийдүүлсэн иргэд сэтгэл дүүрэн гэр гэрийн зүг харьлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top