Увсын Бөхмөрөн сумын иргэд нутгаа аврахын тулд лиценз цуцлахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

 Өнөөдөр “Үндэсний мэдээллийн танхим”-д Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд мэдээлэл хийлээ. Тэд энэхүү хэвлэлийн хурлаараа дамжуулан Бөхмөрөнчүүд  төрсөн нутагтаа тайван амгалан амьдрах, уламжлалт мал аж ахуйгаа чөлөөтэй эрхлэн аж төрөхөд бэрхшээлтэй болж, нутгийн уул ус, ан амьтан, байгаль орчинд аюулын харанга дэлдэж эхэлсэн тухай хөндөн ярьсан юм.  Мөн тус сумын нутаг дэвсгэр дээр өнөөдрийн байдлаар ашигт малтмалын ашиглалтын 7, хайгуулын 9 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 4 ил уурхай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээр уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас 16 мянга орчим га талбай талхлагдсан, газрын эвдрэл ихэссэн, байгаль орчныг хог хаягдлаар бохирдуулсан, тоосжилт ихэссэн, ургамал хордож гарц багассан, гол ус, булаг шанд ширгэсэн, бэлчээр шахагдсан, байгаль орчны тэнцвэр алдагдсан зэрэг олон сөрөг үр дагавар гарчээ.

Хамгийн ноцтой, сэтгэл эмзэглүүлсэн явдал нь сумын иргэдийн өвөг дээдэс, төрөл төрөгсдийн 200 гаруй шарил, улсын болон орон нутгийн бүртгэлтэй 6, бүртгэлгүй маш олон тооны хэрэгсүүр, 5 хүн чулуун хөшөө зэрэг нэн ховор түүх соёлын өв, дурсгалт зүйлс эдгээр уул уурхайн талбай дээр байрлаж хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, цаашид ч дахин өртөх аюулд тулаад байгаа гэнэ.Тиймээс Бөхмөрөн сумын Хар Алтат багийн малчин иргэд хамтран бэлчээр, нутаг усаа хамгаалах “Баянмөрөн” иргэдийн хөдөлгөөн байгуулж 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд эсэргүүцлийн арга хэмжээ, суулт зохион байгуулсаар иржээ.   Тус хөдөлгөөн, нутгийн иргэдийн зүгээс Увс аймгийн Засаг дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Увс аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүд, Ашигт малтмалын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөдөл, албан бичгийг удаа дараа илгээж, сум, иргэдийн өмнө тулгарч буй дээрх асуудлыг шийдвэрлэх санал, хүсэлтээ тавьж байсан ч  өнөөг хүртэл төр засгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай арга хэмжээ авахгүй, цаг нөхцөөсөн, түр зуурын зарим шийдвэр гаргаад аргацааж өнгөрөөхийг оролдож байна гэж байсан юм.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрмөнх(180.222.143.252) 2014 оны 06 сарын 16

Алтын аваад авдарын хэмхчээд орхидог харийханд бүү сийчүүлээсэй билээ төрсөн нутаг минь.

0  |  0
Top