22 генералд хаусны батламж гардуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

   Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 68  жилийн ойг өчигдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Генералууд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочилж өөрсдийнхөө нь хөрөг зургийн үзэсгэлэн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт, Зэвсэгт хүчний 032, 084-р ангийн жагсаалын болон гардан тулааны үзүүлбэр, обьект чөлөөлөх ажиллагаа, Афганистанд Бельгийн вант улсын дайчидтай хамтран үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, Зэвсэгт хүчний зэвсэглэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрсэн зэвсэг, техникийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

       1944 оны 4-р сарын 28-нд анх 11 офицерт генерал цол олгосноос хойш эдүгээ хүртэл цэргийн энэ эрхэм дээд цолыг 158 хүн хүртээд байна. Тэдний 84 нь энх тунх байдаг бөгөөд 20-иод нь БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, Дотоодын цэрэгт удирдах албан тушаал хашдаг.

     Өчигдрийн Генералуудын баярын өдрийн арга  хэмжээнд 68 генерал оролцсон бөгөөд тэдний 50 нь гэр бүлийн хамт ирсэн юм. Генералуудад Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар 2 нүдний дуран, цэргийн хээрийн хувцас зэргийг дурсгалаа. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар дэслэгч генерал Л.Моломжамц, Г.Дамдинсүрэн, хошууч генерал Д.Магсаржав, А.Ганбат нарын 22 генералд зуслангийн хаус, эдлэн газрын хамт өгөх, эсвэл түүнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгох эрхийн батламжийг гардуулав. Генералуудын нийгмийн баталгааг сайжруулах үүднээс энэ арга хэмжээг 2011 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрөгч жил БХЯ-наас Хандгайтад 5 генералд зуслангийн хаус барьж өгсөн юм.

   Монголын генералуудаас өдгөө хамгийн ахмад нь 93 настай хошууч генерал Т.Алтангэрэл, хамгийн залуу нь 40 настай хошууч генерал Б.Баярмагнай, бригадын генерал Л.Онцгойбаяр нар юм.

  Мөн өчигдөр орой генералуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Их тэнгэр” цогцолборт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

                       БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top