Өнөөдөр хугацаат цэргийн албан хаагчид үүргээ амжилттай биелүүлэн гэртээ харьж байна. Тэгвэл эх орныхоо өмнө үүрэг хүлээхэд бэлэн байгаа эдгээр цэрэг эрсдээ Батлан хамгаалах яам анх удаа дурсгалын зүйл гардууллаа. Цэргийн тангараг, талархалын үгсийн хамт бичигдсэн энэхүү дурсгалын зүйлийг Монгол улсад алба хааж байгаа цэргийн төлөөлөл болгон 100 цэрэгт гардуулсан. Цаашид энэхүү дурсгалын зүйлийг жил бүр цэргүүдэд гардуулан өгөх ажээ.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр:Цэргийн алба бол насан турш мартагдахгүй нандин дурсамж. Цэргийн алба хааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох бололцоо нээгдэж байгаа. Цэрэгт сурсан бүхэн амьдралд чинь тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Монгол улс хөгжил дэвшлийнхээ шинэ шатанд байна. Энэ сайхан улс орноо цогцлоон хөгжүүлэх нь та бүхний гарт байна. Та бүхний ирээдүйн амьдралд чинь сайн сайхан, аз жаргал бүхнийг хүсье. Цэргүүддээ, та бүхний гэр бүлд баярлалаа гэж хэлмээр байна.
Цэргүүдэд дурсгалын зүйл гардуулах энэ ажиллагааны үеэр хугацаат цэргийн албаа үлгэр жишээ хаасан албан хаагчдыг төлөөлж 2011 оны нэгдүгээр ээлжээр Баянхонгор аймгийн цэргийн штабаас татагдан ирсэн Зэвсэгт хүчний 032-р ангийн байлдагч н.Энхмөнхөөс тодруулга авлаа. Тэрбээр : Цэргийн албанд ирээд нэг жил болжээ. Мэдэхгүй чадахгүй бүхнээ дайчин нөхдөөсөө суралцаж, газар газрын олон нөхөртэй боллоо. Гэгээлэг сайхан байсан энэ нэг жилийн дурсамжийг бид нандигнаж, насан туршдаа хадгалж явах болно. Мөдхөн халагдаад явах Монгол залуус бидний зүрхэнд, тархинд эх орны минь ирээдүй зураастай байна. Монгол улсын төлөө зүтгэе гэдгийг онцолсон юм.
016-р ангийн албан хаагч, дэд түрүүч Ч.Эрдэнэбаяр: 2011 оны тавдугаар сард анх цэрэгт ирж байсан. Өнгөрсөн хугацаанд зөндөө их юм сурсан. Амьдрал дээр гараад сурсан бүхнээ ашиглана. Цэрэгт хүмүүсийн бодож байгаа шиг сөрөг зүйл байдаггүй. Бичиг үсэггүй цэргүүдээ бид нар дэмжиж байгаад заасан.
Халагдаж байгаа цэрэг эрс эх орныхоо ирээдүйн төлөө сурсан, мэдсэн бүхнээ дайчлах болно гэдгээ энэ үеэр хэлж байсөн бөгөөд найз нөхөддөө цэргийн албыг сурталчлах болно гэж ярилцаж байлаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )