“Номын” гэх тодотголтой бүгдийг хамарсан “Номын баяр”-т уръя

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01


 

“Номын Соёлт Ертөнц” ТББ-с жил бүрийн хавар намар “Номын баяр”-г зохион байгуулан нийслэлийг ном барьсан оюунлаг иргэдээр дүүргэдэг. Тэгвэл энэ удаагийн оюунлаг өдрүүд 05-р сарын 14, 15,16-ны өдрүүдэд Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болох гэж байна. Тэнд номыг өөрийн үнэнч нөхөр болгосон, эсвэл зүгээр л өөрт таалагдсан номыг уншигч, номыг дээдлэгчид хүн бүхэн цуглардагаараа онцлог юм. Магадгүй тэнд цугларсан оюутан залуучууд маань ахмад зохиолчдийнхоо ухаанаа чилээн байж бичсэн шилдэг бүтээллүүддээ танилцаж, номыг нь шимтэн уншиж байгаа зураглал нь өөрөө энэхүү баярын үнэ цэнийг тодотгодог билээ. Учир нь ямар ч хүн номыг уншиж байхдаа хамгаас сайхан харагддаг. Энэ удаагийн “Номын баяр”-ын өвөрмөц онцлог нь “Номын” гэх тодотголтой уран бүтээлчид хамтран зохион байгуулж байгаа юм. Гэгээлэг бүхнээр дүүрэн энэхүү номын баярыг UBSTV-ийн “Номын Ертөнц” МҮОНРТ-ийн “Гэрэлтэй цонх-Номын үдэш”, BTV-ийн залуусд зориулсан “Номын хөтөч”, Гэр Бүлийн радиогоор сонсогч та бүхэнд хүрдэг “Номын Ертөнц” болон “Утга зохиол урлаг” сонин гэх мэт номонд элэгтэй уран бүтээлчид гурван хоногийн турш номтой нөхөрлөхийн ач тус, шинэ шилдэг номын эрэлт хэрэгцээг ихэсгэхээр зорилт тавин хамтран ажиллахаар болжээ.

Номын зохиогч, орчуулагч, номыг эмхэтгэн гаргагч хэвлэлийн газрууд, хэвлэлийн компаниуд, номыг түгээгч дэлгүүрүүд зэрэг нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй уншигчдыг хүндэтгэдэг, номоо бусдад түгээхийг хүсдэг байгууллагууд оролцдог юм. Эдгээр ном бүтээгчид өнгөрч одсон он жилүүдэд шилдэг нь байж чадсан бүтээлээ дэлгэж, шинэхэн ном, сэтгүүлээ уншигчдад танилцуулж, харилцан мэдээлэл солилцох боломжийг тэсэн ядан хүлээдэг гэхэд болно. Мөн оролсогсод байгаа бүх номондоо 5-50 хувь хямдрал зарлан уншигчдыг урин дууддаг. Харин зохиогчид гарын үсэгтэй худалдаагаа хийн, шинэ номын санаа сэдлээ эрэлхийлэн, дахин бичих эрч хүчийг уншигчдаасаа олж авдаг.

Номын ертөнцийн сонин сайхан, ном уншихийн гайхамшгийн талаархи өгүүлсэн  алдартай хүмүүсийн ярилцлага, нийтлэлүүдийг багтаасан “Ном бол....” сэтгүүл хэвлэгдэн номын баярыг зоригсдын гарт үнэгүй хүрч, сугалаа сугалан ном хожихыг зохион байгуулагчид уншигчдаас хүснэ.  Гурван өдрийн турш номонд хайртай зохиолчоосоо гарын үсэгтэй номоо авч, сэтгэлд дотно тэр л номыг харж сэтгэлээ хөглөн, аз одоо шалган, уншигчид л гэж зориулсан хямдрал урамшуулалыг эдлэх ямар сайхан гэж санана.

Хамгийн гол номтой холбоотой бүх салбарынхан цугларч байгаа учир та бүхэн хайж буй ном, уншъя гэж бодож байсан номнуудаа эндээс ирж хямдралтай үнээр худалдан авч мэдлэгээ нэмээрэй.

Ингээд үндэсний хэмжээний 10 дахь удаагийн номын баяртаа ном сонирхогч, уншигч, цуглуулагч, бичигч гээд номонд дуртай хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Харин баярт оролцон ном, бүтээлээрээ уншигчидтай уулзахыг хүсч буй зохиолч, орчуулагч, ном бүтээгчдийг 96002686, 88892900 дугаарын утсаар зохион байгуулагчидтай холбогдохыг хүсье. Номын баяр 05-р сарын 14.15.16-ны өдрүүдэд “Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top