Засгийн газрын хуралдаанаар Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийн тухай асуудлыг авч хэлэлцээд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сараас зургадугаар сарыг дуустал олгохоор шийдвэрлэсэн. Тодруулж хэлбэл, дөрөвдүгээр сард 330 мянга, тавдугаар сард мөн 330 мянга, зургадугаар сард мөн 330 мянган төгрөгөөр тус бүр олгох нь нэгдүгээрт, эдийн засгийн бодит бололцоогоо харгалзан үзсэн, хоёрдугаарт, инфляцийг хөөрөгдөхгүй байх гэдэг зарчмыг барих талтай гэж сангийн яамнаас тухайн үед тайлбарлаж байсан. Харин дээрх нэг сая төгрөг авах бүлэгт 55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байгаа юм. “Үүнд нийт 334 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2012 оны төсөвт хөрөнгийг суулгаж өгсөн. Тиймээс мөнгийг олгоход шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүд цагтаа орно хэмээн Сангийн сайд Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцлож байсан. Гэвч хэдийнэ тавдугаар сартай золгосон ч иргэд дөрөвдүгээр сарын 330 мянган төгрөгөө ч авч чадаагүй байгаа. Хөлөө чилтэл банкаар эргэлдэж буй хөгшчүүлд “Капитал”, “Хадгаламж” банкны зүгээс “манай банкинд санхүүжилт орж ирээгүй байна” гэх хариултыг өгдөг аж. Тэдгээр ахмадууд Сангийн сайдын ам, сая төгрөг хоёрт итгэл алдарч буйгаа ч ярьж байсан юм.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )