”Хариуцлагатай сэтгүүлзүй ”сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

 "Зохиомж" дээд сургуулийн Эрдмийн зөвлөл, Сэтгүүл зүйн тэнхимээс “Хариуцлагатай сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг  Засгийн газрын XI-р байрны хурлын танхимд ОНМХ,төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулан явуулж байна. ЗДС- нь сүүлийн жилүүдэд “Телевизүүдийн өнөөгийн байдал”, “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, чиг хандлага” зэрэг олон эрдэм шинжилгээний хурлуудыг амжилттай зохион байгуулж явуулсан  юм.Өнөөгийн Монголын нийгэмд хариуцлагын тухай асуудал нэн  хурцаар тавигдаж байна. Ялангуяа олон түмнийг үнэн бодит мэдээ, мэдээллээр хангаж, 4 дэх засаглалын үүрэг гүйцэтгэж байдаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд хариуцлага гэдэг тун чухал гэдэг нь ойлгомжтой юм.

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурал Монгол улсын  нийгэм, эдийн засаг, улс төрийн нэн эгзэгтэй  УИХ-ын ээлжит сонгуулийн жилд зохион явуулж байгаагаараа онцлог . Монгол улсын төрийн дээд байгууллага болох УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор ОНМХ болон нийт сэтгүүлчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, ХМХ болон сэтгүүлчдэд “ Хариуцлага”-ын талаарх судлаачдын судалгаа, илтгэлүүд нь тус хурлын давуу талыг улам тодотгож, үр өгөөжөө өгнө хэмээн үзэж байна.

Тус хуралд ЗДС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн зөвлөх багш, доктор профессор Б.Дашзэвэг “Хариуцлагатай сэтгүүл зүй дэлхий дахинд”, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор М.Зулькафиль “Даяаршлын үеийн сэтгүүлзүй, түүний тулгамдсан асуудлууд”, МУИС-ийн Монгол судлалын тэнхимийн багш, доктор профессор Г.Буянтогтох “Монгол үндэсний оршихуйд хэл найруулгын гүйцэтгэх үүрэг”, ХУИС-ийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Дагиймаа “Телевиз ба хүүхэд”, МОНЦАМЭ агентлаг, Mongolia Today сэтгүүлийн гүйцэтгэх захирал Б.Булгамаа “Редакциас хараат сэтгүүлчийн хариуцлага”, Хүмүүн бичиг сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга докторант Б.Элбэгзаяа “Цэнхэр дэлгэц цэвэр цэгцтэй байхын учир”, ЗДС-ийн багш Б.Наранцэцэг “Хэвлэл мэдээллийн орчуулга”, ЗДС-ийн оюутан Л.Оюунгэрэл “Сэтгүүлчийн ангийн найруулга зүйн сургалтын хөтөлбөрийн ололт болон дутагдал” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

А.Төмөр         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top