Улсын хил зөрчигчдийг баривчлан саатуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

Энэ сарын 20-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дахь улсын хилийн 233 дугаар баганы чиглэлээр ОХУ-ын талаас хоёр морьтой хүн хил зөрчин орж ирсэн мөрийг тухайн үед хилийн манаа хийж байсан байлдагч Ч.Бямбадорж, Б.Баяртогтох нар илрүүлсэн байна. Энэ дагуу Хилийн цэргийн 0311-р ангийнхан Дөрөө, Тохой, Харцагаан усны заставын хилчдийн хамт гурван өдөр эрэл хайгуул хийсний үр дүнд улсын хил зөрчигчдийг баривчлан саатуулжээ.

Уг этгээдүүд нь Увс аймгийн Тэс сумын харьяат Цээлэйгийн Галдандагва, Баруунтуруун сумын харьяат Сонинпилийн Ганзориг, ОХУ-ын Тува улсын иргэн Соном-Оол Чингис Соянович нар байсан бөгөөд бэлчээрт байсан 12 толгой адууг хулгайлан хил давуулахаар тохиролцсон байсан гэнэ.

 Хилчид хулгайлагдсан 12 тооны адууг малын эзэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн н.Нэргүйд хүлээлгэн өгсөн байна.
Ийнхүү Баруунтурууны отрядын хилчид Улсын хил хамгаалах, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахиулах, төрийн болон иргэдийн өмчийг гэмт этгээдүүдийн халдлагаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, иргэдэд учрах байсан 10 сая гаруй төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top