Хэвлэлийн хагас эрх чөлөөт Монгол улс

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

Хэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан юм.

Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг. Өнөөдөр дэлхий дахин төдийгүй Монгол Улсад сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий.

Мөн зарим албан тушаалтан өөрсдийн хийсэн булхай бүхнийг сэтгүүлчид илрүүлэх вий гэж эмээсэндээ мэдээлэл авах эрх чөлөөг нь боомилж, дарамт үзүүлэхийг хичээсээр байна. Гэлээ ч энэ бүхнийг ган үзэгтнүүд сөрөн хэвлэлийн эрх чөлөөг улс орондоо дэлгэрүүлэхийг хичээсээр байгаа билээ. Манай улсын хувьд энэ жил дахин хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтжээ. Уг үзүүлэлтийг дээшлүүлэхийг хичээж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтнууд хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хазаарыг бүрэн тавихаас айж байна.

Энэ онд ЮНЕСКО хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Шинэ дуу хоолой: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриаллаа. Мөн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэрхэн бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар дэлхий нийтээр онлайн хэлэлцүүлэг зохиохоор болжээ.

А.Төмөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top