Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал Б.Баттогтохын хууль зөрчсөн үйлдлүүдийг олон нийтэд дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

 Өнөөдөр “Монгол нюьс” мэдээллийн төвд Биокомбинатын ТӨААТҮГ/Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоотой үйлдвэрийн газар/ -ын ажиллагсдын түр хорооноос мэдэгдэл хийлээ. Тэд Биокомбинатын захирал Б.Баттогтохын тус үйлдвэрт ажиллаж эхлэснээсээ хойш үйлдсэн болон “Цагаан залаа агвет” ХХК-ны захирлаар ажиллах хугацаандаа үйлдсэн, одоо илрээд буй хууль бус үйлдлүүдийн тухай дэлгэсэн юм. Тухайлбал  “2011 оны 08 сарын 24-ний өдөр Монгол улсын ”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай’ хуулийг зөрчиж БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ‘Шилийн гол’ ХХК-ий эзэн Чин-зо гэгчтэй 283.9 сая төгрөгөөр тахианы өндөг худалдаж авах 60/41/2011 тоот гэрээг байгуулсан. Ингэхдээ өмнө нь тахианы өндөг худалдаж авч байсан үнэтэй харьцуулахад 60 гаруй сая төгрөгөөр худалдаж авах тус гэрээг Б. Баттогтох нь "Шилийн гол" ХХК-ий эзэн Чин-зо гэгчтэй ганцаарчлан уулзаж харилцан тохиролцож байгуулсан. Б.Баттогтохыг захирлаар ажиллаж эхлэснээс хойш Биокомбинат ТӨААТҮГ-т үйлдвэрлэсэн вакцинуудаас МЭЭСБУЛ (Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори)-ийн чанарын хяналтаар ойролцоогоор 20 гаруй цувралын 400 гаруй сая төгрөгний бүтээгдэхүүн стандартын шаардлагад нийцэхгүй гологдол болсон. Б.Баттогтох нь Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж эхлэснээсээ хойш МЭЭСБУЛ-ийн удирдлагуудтай хамтран ажиллаж" стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг стандартад тэнцсэн гэх, эсрэгээр нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг стандартад тэнцээгүй гэх дүгнэлт гаргуулах "захиалгат үйлдлүүд"-ийг гүйцэтгэсээр байна” гэх мэт олон зөрчил дутагдлуудыг нэрлэж байсан юм. Мөн 2011 оны 07 сарын 27-ноос 10 сарын 18-ны хооронд Б Баттогтохын хийж буй хууль бус үйлдлийг эсэргүүцсэн 22 мэргэжилтэнг Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль зэргийг зөрчин хууль бусаар ажлаас нь халжээ. Хан-уул дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Дээд шүүхийн нийт 28 удаагийн хурлаар Б. Баттогтохын тэрхүү хууль бус үйлдлийг тогтоож, тэдгээр ажлаасаа халагдсан мэргэжилтнүүдийг ажилд нь эгүүлэн оруулахыг тогтоосон боловч өнөөдрийн байдлаар нэгээс бусдыг нь ажилд оруулалгүй шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосоор байгаа аж. Б.Баттогтох тус албан тушаалд  Төрийн өмчийн хорооны 2011 оны 07 сарын 07-ны өдрийн 303 тоот тогтоолоор томилогджээ.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top