Бурхан багш минь хэзээ амь орох юм бол

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

”Найрамдал” өндөрлөг дээр сүндэрлэсэн Бурхан багшийн сэрэг дүр хэзээ амь орж, сүсэгтэн олноо баясгах юм бол. Анх 2007 онд суурийг нь тавьсан тухайн үеийн аймгийн Засаг дарга байсан Г.Шархүү Орхон аймаг дахь төрийн бүх байгууллагын ажилчдын нэг өдрйн цалинг татаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас ч хэдэн тэрбумаар нь хандив авсан гэдэг. Таван жилийн нүүр үзээд байгаа ч ашиглалтад ороогүй энэ байгууламж хэсэг хүмүүсийн мөнгө угаах гол хэрэгсэл болсныг иргэд ярьж байна. Аймгийн төсвөөс жил бүр 250 гаруй сая төгрөг төсөвлөж өгдөг. Хичнээн олон иргэн, байгууллага хандив өргөснийг тоолоод баршгүй. Бурхан багшийн сэрэг дүр босгохыг хүсэхгүй хүмүүст энэ бурхан мөнгө олдог “бамбай” нь болж байх шиг. Ашиглалтын өмнөх захиргаа гэдэг байгууллагыг хотын дарга байсан Д.Тогооч удирддаг. Ажлын байр нь Захиргааны дөрөвдүгээр байранд байрладаг ч ихэнхдээ эзгүй байдаг аж. Гадна хананд байрлуулсан самбар дээр нь хандив өргөсөн хүмүүсийн зураг хөргийг өлгөжээ. Улаанбаатар хотын “Ихэр сутай” ХХК-ийн захирал Л.Лхамсүрэн хоёр удаа, Н.Туяажаргал эзэнтэй “Анар” дэлгүүр, Д.Бэхбилэг даргатай Хүүхэлдэйн театр, Д.Алтангэрэл даргатай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цахилгаан цехийн хамт олон хандив өргөөд дурсгалын зургаа татуулжээ. Мөн Ширээт лам, зууны манлай эрдэмтэн З.Гончигжав арван сая, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн МСА-ны ерөнхий редактор Л.Батаа гэр бүлийн хамт 100 мянга, мөн тус компанийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Адъяа нэг сая, өндөр настан Б.Цэцгээ нэг зуун мянган төгрөг хандивт өргөсөн байна. Дээрх хүмүүсээс гадна хэдэн зуун хүн, байгууллага буян санаж, бурхан багшийн сэрэг дүр бүтээх үйлсэд итгэл, сэтгэлээ даатгасан. Энэ олон хүний сайхан санасан сэтгэлийг хариулж, сүсэгтэн олонд бурхан багшийн гэгээн дүрийг нь хэзээ харуулах вэ, Д.Тогооч дарга аа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top