Хүүхдийн амь хөнөөсөн согтуу жолоочид 3-5 жилийн ял оноох гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Өнгөрсөн сарын 23-ны өглөө 11 цаг 57 минутад 25 дугаар эмийн сангийн урд замд 10 настай хүү  автын осолд орсон талаар мэдээлсэн билээ. Хэргийг 0966-УНИ улсын дугаартай Ланд круйзер-105 маркын машин жолоодож явсан 40 гаруй насны эр үйлдсэн. Жолооч 70 хувийн согтолттой хажуудаа гурван согтуу бүсгүй суулгаж явахдаа явган хүний гарцаар гарч явсан хүүг мөргөн 23 метр зайд чирч амь насыг нь хохироосон тухай мэдээлж байгаа. Уг жолоочийг Ш.Алтанхуяг гэдэг бөгөөд Монгол улсын гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн хүү аж. Мөн “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Хэрэг болох үед “Шонхор” телевизийн болон замын камерын бичлэгт болсон бүх үйл явдал тодорхой бичигдсэн учраас бидэнд баримт хангалттай байгаа” гэж байсан ч Ш.Алтанхуягийн автомашин жолоодох эрхийг дөрвөн жил хасаж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх яриа чих дэлсэх болов. Харин энэ талаар Замын цагдаагийн ахлах дэслэгч н.Лхагважаргал  тайлбар өгөхдөө  “Тэр бол ташаа мэдээлэл. Гэхдээ Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн дагуу хэргийг шалгана. Мөн бусад хууль тогтоомжийн үндэслэлээр хэрэгтэнд нэмж ял оноох боломжтой” гэжээ. Харин Эрүүгийн тухай хуулийн 24 дүгээр бүлгийн 215.3-д “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ. Түүнчлэн хэргийг одоохондоо шалгаж дуусаагүй байгаа болохоор хэрэг үйлдсэн жолоочийн автомашин жолоодох эрхийг хасаагүй байгаа гэнэ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top