Иргэн З.Баянсэлэнгэ, А.Энхболд, Б.Цэрэндорж, А.Отгонтуяа, Н.Хишигсүрэн нар Хэлмэгдүүлэлтийн хөшөөний дэргэд хуурай өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг болж, бие нь хүнд байхад эрх баригчид шаардлагатай арга хэмжээг огт авахгүйг байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байгаа юм байна.
Өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа З.Баянсэлэнгэ хэлэхдээ “Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад албан ёсоор зуу гаруй цаг өнгөрлөө. Түүний амь насыг энэ хүмүүс тоодоггүй юм бол бидний хэсэг нөхөд ч гэсэн адилхан энэ хүнтэй цуг амиа золиход бэлэн байна. Тийм учраас бид өнөөдрөөс эхлээд албан ёсоор өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Бид хуулийн байгууллага хууль бус шийдвэрээ хүчингүй болго, Н.Энхбаярыг сулла гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг хүн болгон сайн дурын үндсэн дээр гаргаж МАХН-ын гишүүн гэдэг утгаараа биш, хоёр хүүхдийн ээж, Монгол улсын иргэний хувиар хуурай өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Н.Энхбаярыг батлан даалтанд гаргах өргөдөлд хариу өгөх шаардлага эхний ээлжинд тавина. Хэрэв хүлээж авахгүй бол хугацаагүй өлсгөлөн зарлана. Бид нарын эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учир бид сэтгэлийн хөөрлөөр хандсангүй. Ер нь хуулийн байгууллагын шийдвэрийг удаан хүлээсэн. Н.Энхбаярын амь насыг нэгэнт хэрэгсдэггүй юм бол ард түмэн нь ямар үнэд хүрэхийг харъя” гэжээ. Өлсгөлөн зарлах хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэж магадгүй байна.
А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )