Саяхан эрдэмтэд хүүхдийн төрсөн сар нь маш олон зүйлд нөлөөлдгийг олж тогтоожээ. Тэрээр зоригтой эсвэл хулчгар, өндөр нам, тарган туранхай, цаашлаад ямар өвчнөөр өвчлөх, давуу ба сул талууд гээд олон зүйл хамаарах аж. Эхийн жирэмсний үе, хүүхэд төрсний эхний саруудад цаг агаар, хүнс тэжээл, улирлын онцлогууд их нөлөөлдөг. Мэдээж, аль сард төрвөл илүү сайн гэсэн ойлголт үгүй, бүгд л өөр өөрийн онцлогтой. Харин хүүхдийнхээ онцлогийг мэдэж авснаар амьдралын горимыг нь зохицуулж, элдэв таагүй зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой ч байж болох.
Өвлийн хүүхдүүд
Ихэнх “солгойчууд” өвлийн хүйтэн саруудад төрсөн байдаг аж. Тэрээр Бристоль, Эдинбургийн Их сургуулийн судлаачдын үзэж буйгаар эдгээр хүүхдүүд нь зүрх судасны эмгэгт өртөх нь бусдаас 24 хувь илүү байдаг байна. Өвлийн бүсгүйчүүд холестерины өндөр түвшин агуулдаг тул эцэг эхчүүдийн зүгээс охидынхоо хүнс тэжээлийг зохицуулах талаар анхаарах нь чухал юм. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар өвлийн улиралд төрөгсөд нь эрч хүчтэй, зорилгодоо тэмүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, авьяаслаг байдаг аж. Тэд ажиллаж чаддаг, өөрийн үйл хэрэгтээ итгэлтэй, тэднийг замын дундаас буцаах амаргүй, тэр хэрээрээ амжилтанд сайн хүрдэг. Үүний зэрэгцээ тэд нилээн зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг, эцэг эхтэйгээ маргах дуртай, өөрийн алдаа дутагдлаа тэр бүр хүлээн зөвшөөрөх дургүй, үүнээс шалтгаалан зарим нь залуудаа хань ижлээ олж чаддаггүй г.м
Хаврын хүүхдүүд
Тэд бие бялдрын хувьд жаахан асуудалтай, салхинд цохиулах, харшил, зарим төрлийн өвчинд мэдрэмтгий, иймд багаас нь бөөцийлөх шаардлагатай байдаг. Хүүхдийн эргэн тойрны орчинг анхаарах нь чухал. Хаврын хүүхдүүд уян хатан, анхаарал болгоомжтой бөгөөд бусдын яриаг сайн сонсогч байж чаддаг, бусадтай маргах дургүй, лидерийн үүргээс татгалздаг. Иймд эцэг эхийн зүгээс хүүхдэдээ өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлж өгөх шаардлагатай.
Зуны хүүхдүүд
Хертфордшир их сургуулийн эрдэмтдийн өгүүлснээр зун төрөгсөд нь өөдрөг үзэл бодолтой, баяр баясгалантай хүүхдүүд байдаг. Тэд амьдралыг эерэгээр харж, өөрийгөө аз жаргалтайг мэдрэн тэр хэрээрээ сул дорой нэгэнд туслах эрмэлзлэлтэй байдгаас үүдэн орон гэргүй амьтныг гэртээ тэжээх талаар эцэг эхтэйгээ зөрчилдөх магадлалтай.
Намрын хүүхдүүд
Австралиас Норвеги хүртэлх олон орны хүмүүсийг судалсны үндсэн дээр эрдэмтэд намар төрөгсөд нь бусдыг бодвол харьцангуй урт насалдгийг тогтоожээ. Үүнд нь тогтвортой тайван амгалан зан төлөв, тооцоотой, өөдрөг үзэл нь нөлөөлдөг аж. Намрын хүүхдүүд хичээл сурлагадаа шамдамтгай, эцэг эх болон бусадтай барагтай бол маргалдаггүй, мөнгөний үнэ цэнийг эртнээс ойлгодог, дуулгавартай, дипломат маягийн харьцаатай байдаг. Иймээс эцэг эхийн зүгээс зөв сайн чиглүүлж чадвал хувь, хувьсгал аль ч талдаа амжилттай байж чадахаар ажээ.
Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )