МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь эрс муудаж, амь нас нь эрсдэх аюул нүүрлээд байгаа энэ цаг үед манай сайтын шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчид нөхцөл байдлыг аль нэг талыг барилгүй мэдээлэх сэтгүүлчийн үүргээ биелүүлж байна. Нэг талаас Н.Энхбаярыг суллах ёстой гэсэн байр суурь болон Н.Энхбаярын өөрийх нь шаардлага. Нөгөө талаас хуулийг биелүүлэх ёстой гэсэн АТГ, прокурорын байгууллагын шийдвэр. Энэ бүхнийг аль нэг талд үйлчлэх, аль нэг улс төрийн хүчний захиалга гүйцэтгэхийн төлөө биш зөвхөн бодит байдлыг ард түмэндээ, уншигчдадаа хүргэхийн төлөө ажиллаж байгаагаа zndaa.mn сайтын сэтгүүлчид бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үйл явдлыг дэвэргэх биш, эрдэнэт хүний амь нас сүйдэх аюултай энэ үйл явдлын талаар ард түмэн илүү тодорхой, шуурхай мэдээлэл авахыг хүсч байгаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хараат бус нийтлэлийн бодлогоо хадгалж тал бүрээс ирж байгаа эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэй нийтэлж, асуудалд хандаж байгааг мэдэгдье. Манай редакцид зарим этгээдүүд хандаж, хэн нэгний захиалгаар энэхүү шуурхай сурвалжлагыг хийж байгаа мэтээр дайрч, давшилж байгаад бид харамсч байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн байдлаар манай сайтад 42.000 мянган уншигч зочилж шуурхай мэдээлэл авсан байна. Нийт уншигч, хэрэглэгчдэдээ хандаж цаашид ч бид хараат бус, тэнцвэртэй мэдээллээ хүргэсээр байхыг албан ёсоор мэдэгдэж байна.
Zindaa.mn сайтын редакци
