Кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Academy Awards-2012” наадам өнгөрсөн Бямба гарагт боллоо. Нойтон цас хаялсан сэрүүн өдөр байсан ч уран бүтээлчид халуун сэтгэл, гоёл зүүсгэлээ мартаагүй ээ. Энэ үдэш уран бүтээлч, жүжигчин бүсгүйчүүдээс хамгийн содон хувцсыг “Хөх толбот хүмүүс” киногоороо өрсөлдөж буй “Doz” энтертайнментийн жүжигчин А.Мөнгөнзул өмссөн байв. Тэрээр алтан саа бүхий гоёмсог хээтэй улаан өнгийн дан дээл, мөн улаан өнгийн чамин туфли, торон бээлийгээр гангарчээ. Үсээ улаан сарнайн хатгуураар гоёж, ээмэг зүүлтээ ч хослуулсан нь олны харааг булаана. Зарим үзэгч “Юун хятад жүжигчин бэ” хэмээн андуурч байхад, түүнийг таньсан нэг нь “Сая “Хөх толбот хүмүүс” киноныхоо нээлтийг Өвөрмонголд хийгээд ирсэн. Нээлтэндээ зориулсан гоёл нь байх” гэж байлаа. Түүний нөхөр “Doz” энтертайнментийн захирал Ш.Доржсүрэн гоёлын хар хослолтой ирсэн бөгөөд “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрийн жүжигчин П.Баттөмөртэй ханьсан алхаж харагдсан юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )