Хайртай хүнийхээ амийг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь шатаажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


Манай оронд сүүлийн жилүүдэд хүний санаанд оромгүй, хэрцгий үйлдэлтэй гэмт хэрэг цөөнгүй гарах болсон. Саяхан ийм нэг хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид хэлэлцэж, гэмт этгээдэд оноосон ялын дээд хэмжээг хэвээр үлдээсэн юм. Хэргийг сөхвөл,  өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд Ц.Жаргалбаяр хамтран амьдрагч У-гийн амийг хэрцгийгээр хөнөөжээ.  Хэрэгтэн Ц.Жаргалбаяр  баригдсаныхаа дараа “Би талийгаач У-д маш их хайртай байсан. Түүнийг хөнөөе гэж бодоогүй. Талийгаач  өмнөх өдөр нь ажил дээрээ архи уугаад намайг дуудсан. Ажил руу нь очиж, түүнийг гэртээ авчраад унтаж амаръя гэтэл  зүрх  өвдөөд  байна  гээд унтахгүй байсан.  Тэгснээ “Чи доожоогүй, ядуу, гуйлгачин”  гэж  доромжилсон. Энэ үгэнд нь би маш их цочирдоод,  нэг мэдсэн төвөнхийг нь дараад зогсож байсан.  Түүнийг хөдлөхөө байчихаар хүн алчихлаа гэж  айгаад  нэг хэсэг яахаа ч мэдэхгүй болсон. Тэгээд талийгаачийн хувцсыг өмсгөх гэж оролдоод чадаагүй. Хөнжлөөр нь  бүтээгээд хажууд нь  хэсэг сууж байхдаа цогцсыг нуух санаа сэдсэн. Ингээд толгойг нь тасалж жорлонгийн ухсан нүхрүү хийж, цогцсыг поошигт  хийн айлын тэрэг гуйж аваад жалганы эрэг рүү аваачиж хаясан. Хувцсыг цүнхэнд хийж  III хороололд аваачиж хаясан” гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн шүүх энэ хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд Ц.Жаргалбаярыг хүний амь бүрэлгэж, ул мөрөө устгах зорилгоор цогцсыг шатаасан, толгойг нь тасалсан гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ оноосон байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Жаргалбаяр эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргажээ.  Тэрбээр “ Би  өрх толгойлсон эцэг хүн. Хоёр хүүхэд болон хүний асаргаанд байдаг 63 настай ээжийг минь бодож ялын зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэжээ.  Хэрэгтэн Ц.Жаргалбаярын хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хурлаас ялын дээд хэмжээг хэвээр үлдээж, нийт шүүгчдийн хурлаас ч дээрх ял хийсэн хэрэгт нь тохирсон гэж дүгнэжээ. 

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top