Өнөөдөр БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал зарлалаа. Гадаадын иргэдэд визний асуудлыг хурдан шуурхай шийдэж өгөх үүднээс хилийн боомт дээр виз дарах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Уг хэлэлцүүлгээр манай оронд зорчих жуулчид 14 хоногийн өмнө холбогдох бичиг баримтаа бүрдүүлдэг байсныг хөнгөвчилж, урьдчилан виз захиалахгүйгээр хилийн боомт дээр ирээд визээ шууд авах боломжтой болох шинэ гарц нээгдэж байгаа ажээ. Ингэснээр манай оронд ирэх жуулчдын тоо өсөөд зогсохгүй эдийн засгийн хувьд ч таатай нөхцөл бүрдэнэ гэж БОАЖЯ-наас үзэж байна. Манай улсыг зорьж байгаа жуулчдад зочид буудлаа урьдчилан захиалсан байх, мөн аялал жуулчлалын компаниар дамжсан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Жуулчид 5-10 сарын хооронд манай оронд хамгийн ихээр ирдэг тул эхний ээлжинд энэ үйлчилгээг нэвтрүүлж, цаашид байнгын болгох тал дээр холбогдох албаны хүмүүс анхааран ажиллахаар төлөвлөжээ. Мөн жуулчны улирал эхэлсэнтэй холбоотой шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийн хууль тогтоомжинд ч өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх аж. Цаашид визний асуудлыг улам боловсронгуй түргэн шуурхай болгож ирэх жуулчдын тоог 650000-с нэг саяд хүргэх зорилгыг тавиад байгаа юм байна.
Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )