Иргэд гэрэлтүүлгийг хашаандаа тавиулж болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


Энэ жил хотын төв  болон  захын  дүүргийн гэрэлтүүлгийг сайжруулан шинэчлэх  ажлыг 9 тэрбум төгрөгийн төсөвтэй хийхээр болжээ. Уг ажлын хүрээнд 5200 орчим гэрэлтүүлгийг хотын дүүргүүдэд тавина.  Энэ удаагийн гэрэлтүүлгийн ажлын гол онцлог нь байгалийн сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчийг ашигладаг гэрэлтүүлэг тавихад чиглэгдэж байгаа юм. Мөн шинээр тавих гэрлүүдийг LED ламптайгаар хийхээр болжээ. Энэ нь хуучин натри гэрлийг бодвол цахилгаан эрчим хүчийг хоёр дахин бага хэрэглэж, харин гэрэлтүүлэх чадвараараа хоёр дахин илүү гэрэлтүүлдэг давуу талтай гэнэ.  Эдгээр  гэрэлтүүлгийг эхний ээлжинд орон сууцны хорооллуудад байршуулах юм байна. Харин гэр хорооллын гудамжуудад нийт 3000 орчим гэрэлтүүлэг тавихаар болсон байна.  Өмнө нь гудамжуудад тавьсан гэрэлтүүлгийг хагалж гэмтээх хулгайлах явдал  их гарч байсан бол энэ удаад 1000 орчим айлд, иргэдийн оролцоотойгоор гэрэлтүүлэг байрлуулах төсөл хэрэгжүүлэхээр  зэхэж  байна. Хашаан дотроо гэрэлтүүлэг тавихын тулд хорооныхоо даргад хүсэлт гаргах хэрэгтэй бөгөөд энэ гэрэл нь цахилгаан маш бага хэрэглэдэг тул  төсвийн хувьд ямар нэг дарамт байхгүй аж. Мөн гэрэлтүүлгийн ажлыг өргөн далайцтай явуулж байгаа нь хотын өнгө үзэмжээс эхлээд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Эдгээр ажлыг долдугаар сард багтааж дуусгах ба цаашид дүүргүүдийн гэр хороололд тавих гэрлүүдийг дагуулж камер тавих ажлыг хийхээр төлөвлөжээ.

Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top