Э.Батшугар: Би улс төрд ороогүй байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27


-Аав тань батлан даалтад гарлаа. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Аав II эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа ч  биеийн байдал нь сайнгүй байна. Эмч нар хэдийгээр чадах бүхнээ хийж байгаа ч эмчилгээ авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.  Мөн хилс хэрэгт гүтгэгдэж байгаа нь хэвээрээ байна.

-Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Таныг Н.Энхбаярын том хүү гэхээс өөр мэдээлэл байдаггүй.

-Юуны өмнө би Монгол улсын иргэн хүн. Энхбаярын Батшугар. Би Америкт боловсрол эзэмшсэн. Хоёр мэргэжилтэй. Нэг нь эдийн засагч, нөгөөдөх нь санхүүч. АНУ-ын “Жи пи морган” гэдэг нэртэй хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан.  Дараа нь Лондонд тэр хөрөнгө оруулалтын банкиндаа ажиллаж байсан.  2010 оны дундуур Монголд ирсэн.

-Өнөөдөр танай гэр бүлийн байдал  яг ямар байна вэ? Жишээ нь дүү тань ажлаасаа халагдсан гэж байсан?

-Тэр бол шал худлаа мэдээлэл. Хаанаас хэн тэр мэдээллийг зохиосныг мэдэхгүй байна. Манай дүү оюутан.

-Та аавыгаа тодорхойлохгүй юу?

-Би бол нэг л юм хэлмээр байна. Миний аав жинхэнэ эх оронч хүн. Монгол улсынхаа хөгжлийн төлөө, иргэн бүрийнхээ төлөө явдаг хүн. Таны төлөө, миний төлөө, энд алхаж байгаа хүмүүсийн төлөө, энэ орж ирж байгаа хүмүүсийн амьдралыг нь яаж сайжруулах вэ, үр хүүхдийг нь, амьдралыг нь яаж дээшлүүлэх вэ ? Монгол улсын тусгаар тогтнолыг яаж хамгаалах вэ? гэдгийг насаараа бодож явсан.  Одоо энэний төлөө хууль бусаар хоригдож байна. Аав үнэний төлөө, та бүхний төлөө, Монгол улсын хөгжлийн төлөө явдаг.  

-Аавыгаа суллахын төлөө өнгөрсөн хугацаанд юу хийв?

-Буруугүйг нь бид нар мэдэж байгаа, ойлгомжтой. Тэгсэн мөртлөө хүчээр ингэж хилс хэрэгт гүтгэж, зовоож байна. Үндсэн хуулинд заасан тэр эрхийг нь маш бүдүүлгээр зөрчиж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ингэж зөрчиж байгаа юм чинь та нарын, Монгол улсын иргэний эрхийг зөрчиж байна гэж ойлгож байна. Монгол улс чинь Үндсэн хуультай орон шүү дээ. Хуульгүй орон гэж ямар орныг хэлдэг юм?Афганистан, Сомалийг хэлнэ. Тэгэхээр хуульгүй орон чинь тусгаар улс мөн үү? Биш үү?

-Аав тань гэрээслэлээ бичжээ.  Хүүгийнх нь хувьд юу гэж бодож байна вэ?

-Аав надад ингэж хэлж байсан юм.  “Миний тэмцэл бол шударга ёсны төлөөх тэмцэл. Монгол иргэдийнхээ төлөө тэмцэл. Ард түмэндээ би хайртай” гэсэн. Аав ард түмэндээ, таньд хайртай байхгүй юу. Та нарын амьдралын төлөө боддог байхгүй юу.

-Аавыг тань хэд хэдэн үндэслэлээр шалгагдаж байгаа. Тэр дунд таны нэр ч явж байсан.  Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

-Тэр бол шал худлаа. Тэр “Өргөө” зочид буудлын компанийнх нь  дүрмийг та нар ямар нэгэн байдлаар олоод хараарай. Би бол хүмүүсээс тэр компанийн дүрмийг сонссон. Тэр компанийнх нь хувь нийлүүлэгч нь, захирал нь шал өөр хүн байгаа юм. Надтай ямар ч холбоо хамааралгүй хүн.

-Экс Ерөнхийлөгчийн туслах Тулга, та хоёрыг холбоотой гэсэн?

-Надтай ямар ч холбоогүй юмыг яагаад надтай холбоод байгаа юм. Бид хоёр ямар ч хамаа байхгүй.

-Та үүнийгээ баталж байна уу?

-Тийм. Баталж байна. Нотлох баримтгүй хилс хэрэгт гүтгэж байна шүү дээ. Одоо тэр зам байна ш дээ.

-За

-Энд хоёуланг нь яриад сууж байхад тэнд хүн мөргүүлчихлээ гэж бодъё. Тэгсэн чинь маргааш нь Батшугараа чи дайрчихлаа ш дээ гэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Тэр хувьчлал явагдах үед би Монголд байгаагүй.

-Тэгвэл та энэ хэрэгт шууд болон дамын ямар нэг байдлаар холбоогүй гэдгээ баталж хэлж байгаа юм байна тийм үү?

-Баталж хэлж байна.

-Танайх яг хэдэн гэртэй вэ? Яагаад  экс Ерөнхийлөгчийг өвөөгийн тань гэрээс баривчилсан юм бол?

-Аав ээж нэг орон сууцтай. Тэр нь 11-р хороололд 3-р байранд байгаа. УИХ-ын 2009 оны 69-р тогтоолд Ерөнхийлөгч байсан хүнд улсаас газар, байр гаргаж өгөхийн зэрэгцээ дөрвөн жилийн турш төрийн тусгай хамгаалалтад авна гэж заасан байдаг. Тэр тогтоолын дагуу аав байшингаа бариулж амжаагүй байгаа. Тодорхой хугацаанд  өвөөгийнд амьдарч байгаа.  

-Таны тэргүүлдэг компанийн үйл ажиллагааны чиглэл?

-Одоо тэр компани байхгүй.  Үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Надад компани байхгүй. Би зөвхөн МАХН-ын гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн.

-Аавыг  тань төр барьж байсан хугацааг сайн, саараар дүгнэх хүн байдаг.  Харин та юу гэж дүгнэх бол?

-Би шууд хэлье. Улс орондоо маш том хөгжил, дэвшил гаргасан. Монгол улсыг хөгжлийн замд хөтөлсөн. 2000 онд аавыг ерөнхий сайд болоход Монголд тэтгэврээ өгч, цалингаа тавьж чадахгүй байсан. Улсын дансанд 30,000 дойче маркаас өөр зүйл байхгүй байсан. Тэгэхэд аав есөн жилд их өрийг дарсан. Хэрвээ аав өр дараагүй байсан бол одоо яригдаад байгаа манай стратегийн ач холбогдолтой орд газруудыг хэн авах байсан гээч? Та бүхэн өөрсдөө дүгнэлт хийгээд үзээрэй.  Их өрийг дарсан,  Тайширын усан цахилгаан станцыг барьсан, Мянганы замыг эхлүүлсэн. Зөндөө ажил хийсэн.  2009 оноос өнөөдрийг хүртэл юу хийгдсэн юм бэ? Би сайн харахгүй байна. Оюутолгойг зараад, давхар өрөнд оруулчихлаа ш дээ.Тавантолгой юу болж байна? Та нарт 25 хувийг л өгнө гэж байна.  Аав бол 100 хувь өгнө гэж байгаа. Аав хийж чадна.  Хүмүүс их өрийг дарж чадахгүй гэж байхад аав чадсан.   Аав бодитой юм хийдэг байхгүй юу.  

-Аавыг тань баривчилсан нь таны ирээдүйн зорилгод өөрчлөлт оруулсан уу?

-Монгол улсыг хардаг үзэл маш ихээр өөрчлөгдсөн. Монголыг ардчилсан нийгэмтэй, ардчилсан улс гэж бодсон. Ардчилал, шударга ёс хаана байна? Хэрвээ байсан бол аавыг хилс хэрэгт хийхгүй байсан. Ингэж хууль бусаар хорихгүй байсан юм. Сүүлийн 70 жилд гараагүй байсан улс төрийн хоригдол гараад ирлээ. 1937 оны их хэлмэгдүүлэлт болж байна.

-Тэгвэл өнөөгийн улс төр, нийгмийн байдлыг өөрийнхөөрөө дүгнэхгүй юу?

-Одоохондоо дүгнэлт хийхэд эрт байна.

-Хаан ширээ залгамжилж суудаг шиг зарим нэгэн нь улс төрд тэгж орж ирэх болж. Та энийг юу гэж боддог вэ?

-Би улс төрд орж ирээгүй ш дээ.

-Та ийм байдлыг юу гэж боддог вэ?

-Хүмүүс чинь дуртай цагтаа улс төрд томилогдож орж ирдэггүй шүү дээ. Ард түмнээс дэмжигдээд, сонгогдоод, хариуцлага хүлээгээд орж ирдэг.

-Аавынхаа үйл хэргийг залгамжилна гэдэг зарим хүмүүсийн ярьж байгаагаар хойд солонгосыг санагдуулж байна гэж ярих хүн байна.

-Энэ тохиолдолд би асуултад асуултаар  хариулъя. Хойд солонгос шиг байна гэж байна, тийм үү? Тэгвэл манай нийгэм хойд солонгос шиг болчихсон бол аавыг хилс хэрэгт гүтгээд улс төрийн хоригдол гэж хууль бусаар хорьж байна шүү дээ.  

-Таныг сонгуульд нэр дэвшинэ гэдэг үнэн үү?

-Хэн миний өмнөөс шийдвэр гаргаад  тэгж ярьсныг мэдэхгүй юм. Сонгуульд нэр дэвшигчдийн нэрс гараагүй байгаа шүү дээ. Би улс төрд орох үгүйгээ шийдээгүй байна.

-МАХН-ын гишүүдэд дарамт шахалт ирж байгаа гэсэн.  Энэ үнэн үү?

-Одоо хар л даа. МАХН-ын даргыг нь бариад хорьчихлоо. Энэ бол улс төрийн зорилгоор МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй гэж дэгээ тавьж байгаа хэрэг юм. Өчигдөр жишээ нь манай намын  Н.Удвал даргыг шүүхэд дуудсан. Өөр гишүүдийг хорьсон.

-Нам дотор дотоод зөрчил их гарах болсон гэх “бор шувуу” нисэж байна?

-Тийм юм байхгүй. Манай нам бол маш хэцүү байдалд байгаа. Зөрчил байхгүй.  Харин ч цуглараад,  бодол, итгэл, үзэл санаа нэг байгаа.  Цаашид ч нэг байна.

-Зарим нэгэн нь өнөөгийн энэ байдлаар сонгууль болохгүй гэж ярьж байна?

-Мэдэхгүй ээ. Бодит байдлыг харъя, хүлээе.

-Энэ жилийн сонгууль булхайтай болох болов уу? Та юу гэж бодож байна?

-Би ирээдүйг харж хэлж чадахгүй байна. Би маргаашаа ч мэдэхгүй байна.  Өнөөдрөө ч мэдэхгүй байна. Миний аавын бие ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Хэлж мэддэг байсан бол амьдрал аягүй гоё амархан байхсан.

-Хоёулаа сэдвээ бага зэрэг өөрчлөх үү?

-За

-Таны амьдралын хамгийн аз жаргалтай үе?

-Одоо харахад аавтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ байх хамгийн аз жаргалтай. Аав маань хэзээ гарах, үхэх, сэхэх нь мэдэгдэхгүй байгаа нь хамгийн том зовлон байдаг юм байна.

-Та ааваасаа өөр хэнийг хүндэлдэг вэ?

-Шударга байгаа бүх хүнийг хүндэлдэг.

-Та юугаар баян хүн бэ?

-Би Монгол улсын иргэн болохоор баян байна. Монгол улсын иргэн, ийм сайхан эх орон цагтаа дэлхийг захирч байсан ийм оронд төрснөөрөө баян гэж бодож байна. Өнөөдрийн байдал энэ асуултад ингэж хариулахад хүргэж байна. Гэхдээ ирээдүйд өөрчлөгдөх эсэх нь миний дотоод сэтгэл.

-Цаг гарган бидэнд ярилцлага өгсөн таньд баярлалаа.

-Ямар нэгэн байдлаар цөмөөрөө шударга ёсыг тогтоох гэж оролдъё. Ямар балиар нийгэмд амьдарч байгаадаа дүгнэлт хийгээд, хүүхдийнхээ ирээдүйн төлөө юу хийхээ бодож зарчимтай амьдарцгаая.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top