Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Улаанбаатар” дээд сургуулийн хашаанд хоёр давхар худалдааны төв барих ажил эхэлжээ. Анх спорт цогцолбор болно гэгдэж байсан тус барилга нь зах болж хувирсанд сургуулийн багш оюутнууд эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлаад 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд тэд хичээлээ завсардуулахгүйн тулд гадаах талбайд байрлуулсан сандал ширээний ард хичээлээ хийж байгаа ажээ. Өдөр шөнийг ялгалгүй эсэргүүцэл илэрхийлж байгаа тэднийг орой үдшийн цагаар дарамталж, үл таних этгээдүүд “Тэмцлээ зосоохгүй бол та нарт л муу шүү” гэж дарамталдаг гэнэ. Баригдаж буй захын барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч тэд ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм байна. Уг баригдаж буй худалдааны төвийн эзэн нь Хууль зүй дотоод хэргийн яаманд ажилладаг генерал н.Батжаргал гэнэ.
Д.Баярмаа
